Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга асан С.Цэрэнсодном, ерөнхий инженер асан Т.О нарын 15 хүнд холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаж дуусаад, шүүхэд шилжүүллээ. 2023 оны 12 дугаар сард нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилогдон, ажиллаж байхад нь С.Цэрэнсодномыг 2024 оны 11 дүгээр сарын сүүлчээр АТГ дайчлан баривчилсан юм. Түүнийг иргэдээс 200 сая орчим төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэмээн сэжиглэж, шалгасан.
Тэд “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу хийгдэж буй ажилд захиалагчийн хяналт тавихдаа нэр бүхий хуулийн этгээдүүдээс хахууль авсан, тэдэнд давуу байдал бий болгосон хэрэгт холбогджээ. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэрэгт холбогдсон нэр бүхий 15 хүнд холбогдох хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хахууль өгөх), 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Үндэслэлгүйгээр хөрөнгөжих), 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт (Мөнгө угаах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
