УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр Төрийн ордны зүүн урд талын хаалган дээр суулт хийж буй Б.Энхмөнхийгөө эргэв. Б.Энхмөнх АН-ын бүлгийн Ажлын албаны даргын албан тушаалаасаа түр түдгэлзэн, иргэнийхээ хувиар суулт хийж буй. Улсын төсвөөс хамаарал бүхий сургуульдаа мөнгө авахаар төсөлд суулгасан Ерөнхий сайд Н.Учралыг огцрохыг тэр шаардаж буй.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Олон улсын ардчиллын өдрийн мэнд хүргэе! Ардчилал өөрөө 4 жилд 1 удаа сонгууль өгөхийн нэр биш ээ. Ардчилал гэдэг бол иргэн хүн өдөр тутам байр сууриа илэрхийлж, нийгмийнхээ өөрчлөлт, хөдөлгөөнд оролцож байхыг хэлдэг. Энхмөнхийгөө дэмжиж, хамт байгаа шүү гэдгээ илэрхийлж байна.
Өнөөдөр УИХ-ын намрын чуулганы нээлтийн өдөр. 2027 оны улсын төсвийг хэлэлцэж эхэлнэ. Сая бүлгийн хурал дээр Сангийн сайдаас байр суурь асуулаа. Төсвийн зөв буруу, тооны их багаас гадна ерөөсөө төсвийг өргөн барьсан нь хууль зөрчсөн байгааг Сангийн сайд хүлээн зөвшөөрлөө. Сангийн сайдын хариулт үүнийг нотолж байна. Хууль дээдлэх зарчмыг өнөөдөр ЗГ хэр зэрэг баримталж байгаа нь харагдаж байна.
Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг яаралтай УИХ-д оруулж ирэх ёстой. Оруулж ирэхгүй бол Ерөнхий сайдыг огцруулах саналаа өргөн мэдүүлнэ.
