Ерөнхий сайд Н.Учралыг огцрохыг шаардан, Төрийн ордны зүүн талын хаалганы гадна суулт зарлаад буй Б.Энхмөнх өнөөдөр Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр болсноо зарлав.
Б.Энхмөнх АН-ын бүлгийн Ажлын албаны даргын албан тушаалаасаа түр түдгэлзэн, иргэнийхээ хувиар суулт хийж буй. Улсын төсвөөс хамаарал бүхий сургуульдаа мөнгө авахаар төсөлд суулгасан Ерөнхий сайд Н.Учралыг огцрохыг тэр шаардаж, ийн суулт зарласан юм.
Гэвч Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, бригадын генерал Л.Алтангэрэл өчигдөр түүнийг суултаа зогсоох эсвэл өөр газарт очихыг шаардан, ашиглаж байсан хөгжим, өсгөгч, микрофон зэрэг техник хэрэгслүүдийг нь газар унагааж, утсыг нь тасалжээ. Үүний улмаас өчигдөр 15:00 цагаас эхлэн суулт нь тасалдсан аж.
