С.Наранцогт: Монголбанк мөнгөний бодлогыг 12.5%-д хэвээр нь хадгаллаа


Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны 9 дүгээр сарын 16, 17-ны ээлжит хурлаар инфляц, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт:

-Жилийн инфляц 2026 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 0.5 нэгж хувиар буурч 12.5 хувьд, Улаанбаатар хотын хэмжээнд 1.4 нэгж хувиар буурч 11.6 хувьд хүрлээ. Инфляц өмнөх сараас буурахад мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэж, дотоодын хүнсний үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлж байна. Суурь инфляц 8 дугаар сард 6.8 хувь буюу өмнөх сараас мөн бага зэрэг буурлаа. Шатахууны үнийн өсөлт, түүний дам нөлөө, дэлхийн хүнсний үнийн өсөлт болон төсвийн зардал, цалингийн өсөлтөөс шалтгаалан инфляц нэмэгдэж болзошгүй. 

Эдийн засаг 2026 оны эхний хагаст 7.7 хувиар өсөхөд уул уурхай, тээврийн салбар гол хувь нэмэр оруулж, бусад салбарын идэвхжил сул хадгалагдлаа. Энэ онд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын өсөлт саарах бол уул уурхай, тээврийн салбар өнгөрсөн оноос эрчимжиж, худалдааны салбарын өсөлт эерэг болох төлөвтэй байна. Бизнесийн зээлийн өсөлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж, ирэх онд уул уурхайн бус салбарын өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна.

Эдийн засгийн гадаад орчинд тодорхой бус байдал өндөр хэвээр хадгалагдлаа. Ойрх Дорнодод үүссэн зөрчилдөөнөөс шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өсөж, дэлхий даяар инфляцын дарамт нэмэгдэх хандлагатай байна. Нөгөө талаас дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ хүлээлтээс өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь манай улсын худалдааны нөхцөлд эергээр нөлөөлж, гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдал сайжран, төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байна.

Инфляц ирэх оны хоёрдугаар улирлаас алгуур саарч, оны эцэст зорилтын дээд интервалын орчимд хүрэх төлөвтэй байна. Инфляцын цаашдын төлөв, эдийн засгийн идэвхжилийг харгалзан үзээд Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн хурлаар бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Гэвч энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөл хэрхэн батлагдах нь инфляцын цаашдын төлөвт томоохон өөрчлөлт оруулах эрсдэлтэй.

Цаашид инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдлын өөрчлөлтөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *