МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд хуралдаж эхлээд байна. Хуралдаанаар ХЗДХ-ийн сайдаар хэнийг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Учир нь Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд С.Амарсайханг өчигдөр харьяа агентлагуудынх нь зарим дарга нартай хамт чөлөөлсөн юм.
Танхимын сайдаа чөлөөлөх, томилох бүрэн эрх нь Ерөнхий сайдад байдаг. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанд ХЗДХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшүүлэхээр оруулж ирэн дэмжсэн байна.
- Ганзоригийн Тэмүүлэн нь Монгол Улсын Их Хурлын гишүүн бөгөөд 2024 оноос УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Мөн УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүн юм.
- Тэрбээр 2006 онд Ашигт малтмал, газрын тосны газарт мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, улмаар ахлах мэргэжилтэн, Гэрээлэлтийн хэлтсийн даргаар ажиллажээ. 2009-2014 онд төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дэд захирал, 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан байна.
- 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайдаар ажиллаж, 2016 онд анх УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Тэрбээр 2020 онд дахин, 2024 онд гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна.
- Г.Тэмүүлэн 2022-2024 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажилласан бөгөөд 2015 оноос Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
- Одоогоор тэрбээр Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг хамарсан тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн юм.
