О.Цогтгэрэл: МАН 2 жилд 5 Хуулзүйн сайд сольж байна


УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийнхээ талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

АН-ын дарга О.Цогтгэрэл:

-Олонх болсноор бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн эрх баригч хүчин өөрийнхөө дотоод зөрчлөөс болж, УИХ-ын үйл ажиллагааг гацааж, зогсоочхоод бусад руу нялзааж байгаа нь өрөвдмөөр улс төр шүү. Увайгүй үйлдлээ зогсоох шаардлагатай.

“АН төрийг тогтворгүй болгож байна” гэдэг мэдээллийг МАН зориуд түгээж байна. Ер нь  ИХ дахь МАН-ын бүлгийн 68 суудал дээр Засгийн газарт нэгдсэн улс төрийн хүчин нэмэгдээд 80 суудалтай. Ийм  улс төрийн хүчин дотооддоо үйл ажиллагаагаа зохион байгуулаад явахад Засгийн газрыг огцруулах асуудал яригдахгүй. Засгийн газрыг огцруулах эсэх эрх нь олонход л байгаа. Цөөнх болохгүй байгаа зүйлийг сануулж, хариуцлага ярих нь үүрэг нь.

Цөөнх байр сууриа илэрхийлэхгүй бол “УИХ-д ард түмний төлөөллөөрөө дамжуулж хяналтын үүрэг гүйцэтгэж байна” гэж суух хэрэггүй. Цөөнх ажлаа хийж байна. Олонх тогтвортой байдлаа хангаад УИХ-аа хуралдуулаад, бодлогоо хэрэгжүүлэх нь өөрсдийнх нь үүрэг. Цаашид АН олонхыг ирцээ бүрдүүлсэн тохиолдолд УИХ-ын үйл ажиллагаанд оролцоод явах бүрэн боломжтой.

Олонх ирцээ бүрдүүлэх, асуудлаа ярих нь МАН-ын бүлгийн асуудал шүү. Буруу бүхэн АН-ынх гэдэг улстөр хийхээ таслан зогсоохыг Н.Учралаас шаардаж байна.

2024 оноос хойш энэ нам 5 дахь ХЗДХ-ийн сайдаа томилох гэж байна. Ийм хариуцлагагүй МАН буруу бүхнийг АН-д нялзаах гэдгээ зогсоохыг шаардаж байна. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ыг хэн огцруулсан юм? МАН өөрөө огцруулсан ш дээ. Г.Занданшатарын ЗГ-ыг хэн огцруулсан юм бэ? Өөрсдөө огцруулсан ш дээ. 2-хон жилд 5 Хуульзүйн сайд сольж байна.

Ерөнхий сайдыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ир гэж АН шахаж байгаа. Бид шинэ зүйл олж зохиочхоод ийм шаардлага тавьж байгаа биш. Олон улсын парламентат ёс олон жил хөгжсөн оронд байдаг, парламентын арга механизм, үйл ажиллагааны нэг хэлбэр. Төсвийн хэлэлцүүлэг болж байна. Маргаан өрнөж байна. Ерөнхий сайд дээр авлига, албан тушаалын асуудал яригдаж байна. Ийм үед бид хариуцлага ярихгүй, чимээгүй суух юм уу? Олон нийтийг хууран мэхэлсэн төсөв олруулаад ирсэн.

Бид олон нийтийг илүү орлоготой байгаасай, цалин тэтгэвэр нь бодитой нэмэгдээсэй л гэж хүсдэг. Бодитой нэмэгдэнэ гэдэг нь цалин, тэтгэвэр нь нэмэгдсэн нэртэй үнийн өсөлтөөр идчих бодлого оруулж ирчхээд ард түмэндээ хайртай гэж яриад PR-даад яваад байж болохгүй.

Хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрийн орлого бодитойгоор нэмэгдэх ёстой. Ийм бодлого АН барьж байна. Олон нийтийг хуурсан төсөв оруулж ирсэн хүмүүстэй хариуцлага ярихгүй юм уу? Төсвийн орлого бодитойгоор нэмэгдэх ёстой. Цалин тэтгэвэр нэмсэн нэртэй үнийн өсөлт болгох төсөв байж болохгүй.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *