Хувь хүний нууцад халдсан, задруулсан 11 хэрэг шүүхэд шилжүүлжээ


Прокурорын байгууллага 2025 онд “Хувь хүний нууцад халдах” 13, “Хувь хүний нууцыг задруулах” 16 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ оны 9 дүгээр сарын байдлаар “Хувь хүний нууцад халдах” 9, “Хувь хүний нууцыг задруулах” 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байна.      
Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлд “Хувь хүний нууцад халдах”, 13.11 дүгээр зүйлд “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэргийг тус тус хуульчилсан байдаг. 

“Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай” хуульд зааснаар “хүний эмзэг мэдээлэл”-д хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл багтдаг.

“Эрүүл мэндийн мэдээлэл” гэдэг нь хүний бие махбод, сэтгэцийн эрүүл мэнд болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан тухай мэдээллийг хэлнэ.

Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйл “Хувь хүний нууцад халдах”

1.Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж;

2.2.эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйл “Хувь хүний нууцыг задруулах”

1.Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж;

2.2.албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *