Өнөөдөр МАН-ын 30-ийн талын гэх Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй гишүүд Ерөнхий сайдтай уулзав. Уг уулзалтаар юу ярилцсан, ямар асуудал шийдсэн талаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагайгаас тодрууллаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өглөө “Та бүхэн буруу ойлгосон байх. “2 эмэгтэй гишүүнээс уучлал гуйчихвал чуулгандаа орно” гэж байна аа гэж. Үгүй ээ. Энэ 2 эмэгтэй гишүүнээр дамжуулж, “МАН-д байгаа 30 гэх бүлэглэлийнхэн Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах оролдлого хийсэн юм” гэдэг зүйлийг нийгэмд үлдээх гэсэн. МАН-ын гишүүдэд ингэж ойлгуулж, биднийг үзэн ядуулах гэж байгаа улс төр. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.
Би Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж энэ асуудлыг ярина. Тодорхой хариуцлагын асуудлыг энэ сайд дээр ярих ёстой. Яагаад өөрөө хариуцлага алдчихаад, Ерөнхий сайдынхаа эсрэг бүгдийг нь турхирах үйл ажиллагааг зориуд зохион байгуулалттай хийгээд байгаа юм бэ? Энх-Амгалан сайдад хариуцлага тооцуулах асуудлаар өнөөдөр Ерөнхий сайдтай уулзаж ярилцана. Чуулганд суухгүй” хэмээн сэтгүүлчдэд хариулсан юм.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:
-Энх-Амгалан сайдтай холбоотой, эмэгтэй гишүүдтэй холбоотой асуудлыг ярилцлаа. Энх-Амгалан сайд өөрөө хэвлэлд мэдээлэл хийх байх. Эмэгтэй гишүүд “Буруу мэдээлэл явсан. Залруулга гарга” гэсэн. Үүний хүрээнд л ярилцлаа. Бусад улс төрийн асуудал, томилгоотой холбоотой асуудал хэлэлцээгүй.
Эмэгтэй гишүүдээ, жагсаалтаар орж ирсэн гишүүддээ ийм өнцгөөр хандаж болохгүй.
-Уулзалтад хэдэн гишүүн оролцсон бэ?
-27, 28 гишүүн оролцсон.
–Ерөнхий сайд үүнд ямар байр суурь илэрхийлэв?
-Ерөнхий сайд, намын дарга бол мэдээж эв нэгдлийг хангах үүрэгтэй. Тэр үүднээсээ “Эвийг эрхэмлэх, үл ойлголцлыг яаралтай арилгах ёстой” гэсэн.
-Л.Энх-Амгалан сайд юу гэсэн бэ?
-Тодорхой байр суурь илэрхийлсэнгүй. Хяналтын хороо, Ёсзүйн хороондоо “Энэ асуудлыг яаралтай шийд” гэсэн. Тэрнээс чуулганд орно, орохгүй гэсэн зүйл ярилцаагүй. Ирц бол ерөнхийөө бүрдээд явж байгаа. Харин АН-ынхан өнөөдөр байнгын хороонд суусангүй. Би Хүнс хөдөө аж ахуй, Байгаль орчны байнгын хороонд байгаа. Манай байнгын хорооны ирц хүрээгүй.
