Ц.Сандаг-Очир: 1 тэрбум 88 сая төгрөгөөр баавгай унтуулах, үргээх буу авна


Хүн суурьшсан бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан, баавгай үргээх, унтуулах буу авах, тор хийх зэрэг шаардлага үүсээд буй. Энэ талаар өнөөдөр ЗГ хэлэлцэн шийдвэрлэжээ.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир:

-12 аймгийн нутаг дэвсгэрт хүрэн баавгай 240 гаруй удаа суурьшлын бүсэд орж ирсэн. Энэ бол эрсдэл дагуулсан, аюулын харанга гэмээр үзэгдэл болоод байна. Энэ бол уур амьсгалын өөрчлөлт, ган, хуурайшилттай холбоотой. 1980 оноос хойш хүрэн баавгайн тооллого явуулаагүй. Түүнээс хойш манай улс баавгайгаа тоолоогүй. Хүрэн баавгай нэр ховор амьтан.

Юуны өмнө уул модонд алхдаг иргэд туйлын болгоомжтой байх хэрэгтэй. Өдийд хадлан бэлтгэж, ургац хурааж байна. Ууланд самар жимс түүж байгаа иргэд туйлын сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.

Манай орон нутгийн Байгаль орчны газар, байгаль хамгаалагч нар улаан гараараа, мотоциклтэй хяналтаа тавьдаг. Орон нутгийн комисс, онцгой байдлынхантай хамтарч, олс дээсээр барьж байгаа бичлэг харсан байх. Энэ бол зориулалтын багаж байхгүйтэй холбоотой.

Эхний ээлжинд унтуулдаг буугаар орон нутгийн Байгаль орчны газрыг хангах, үргээх зориулалттай шүршлэг буу гадаадаас оруулж ирэх шаардлагатай. Төсөв хүндрэлтэй байгаа тул байгаль хамгаалагч нар хувийнхаа машинаар явж байна. Шатахуун байхгүй. Орон нутгийн байцаагч нарын шатахууны зардлыг бас шийдвэрлэлээ. Үүнд нийт 1 тэрбум 88 сая төгрөг улсын нөөцөөс гаргахаар шийдвэрлэлээ. Ойрын үед буу авна.

Тусгай хамгаалалттай газарт амьдаар нь баригч тор хийлгэх чиглэл өглөө. Амь тулсан нөхцөлд баавгай буудах чиглэл өгч байгаа. Дарханд гэхэд 3 баавгайн квот өглөө. Баавгайг дуудлага худалдаагаар агнуулах асуудлыг зарим сайд хөндөж байна. Тодорхой тооны баавгайг тусгай зориулалтаар агнуулах асуудлыг ярьж магадгүй.

1 сарын дараа баавгай ичих ёстой. Задлан шинжилгээгээр баавгайн ходоодонд хоол байхгүй. Хорхойтсон байна. Самар муу ургасантай холбоотой байна. Байгалийн жамаар хүчтэй нь ядмаг туранхай, эцэнхий, зулзаган голдуу, шарх сорвитой баавгай байна. Тоо толгой нь өссөн, байгалийн жамаар хөөгдөн явж байж магадгүй байна.

-1 буу хэдэн төгрөгөөр авах вэ?

-32 сая төгрөгөнд орж ирэх юм байна гэсэн судалгаа хийсэн.

-Хэдэн буу авах вэ?

-12 буу авна.

-Баавгайгаа хэзээ тоолох вэ?

-Ирэх жил тооллого хийхээр төлөвлөж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *