Говийн бүсэд цахилгааныг 99.5 хувийн найдваржилттайгаар, тогтвортой нийлүүлэх тогтворжуулах шийдлүүд бүхий сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүртэй төсөл хэрэгжүүлэх “Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч”-ийг аукционоор сонгон шалгарууллаа.
Аукционд оролцохоор 10 компани саналаа илэрхийлснээс хоёр нь шаардлага ханган, дэнчингээ байршуулснаар өрсөлдөв.
- Аукционы үнийг 9.7 ам.цент/кВт.ц-аас эхлэн дуудсан бөгөөд 7.9 ам.цент/кВт.ц үнийн санал өгсөн “Нэт Зеро Тек” ХХК, “М Си Эс Интернэйшнл” ХХК, “Өвөр Монголын Эрчим Хүчний Олон Улсын Хамтын Ажиллагаа” ХХК-ийн түншлэл шалгарлаа
- 7.9 ам.цент/кВт.ц гэсэн үнийн дүн нь өдгөө “Оюутолгой” компани БНХАУ-аас эрчим хүч худалдан авч байгаа тарифаас 24 хувиар доогуур юм
- Одоогоор “Оюутолгой” компани БНХАУ-ын ӨМӨЗО-оос жилд дунджаар 1.6 тэрбум кВт.ц эрчим хүч худалдан авч байгаа бөгөөд 2027-2030 онд дээрх дүн 1.87-2 тэрбум кВт.ц-т хүрэх тооцоо бий
- Шинэ эх үүсвэр барихад төсвөөс мөнгө гарахгүй, хугацаа алдахгүй, үнэ буурах, эрчим хүчний систем шинэ цэвэр эх үүсвэртэй болох, импортын хамаарлыг багасгах, импортод зарцуулж буй валютыг дотооддоо үлдээх ач холбогдолтой
