УИХ дахь МАН-ын бүлгийн 30-ын фракц Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг УИХ-ын гишүүн А.А.Ариунзаяа, О.Саранчулуун нараас уучлал гуйхыг шаардаж буй. Уучлалт гуйхыг 2 өдөр хүлээсэн ч гуйгаагүй тул өнөөдрөөс Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг огцруулахаар болсноо өнөөдөр /2026.09.25/ УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээллээ. Үүнд Л.Энх-Амгалан сайд ийм хариулт өглөө.
-Уучлал гуйгаагүй учраас УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нарын гишүүд таныг огцрохыг шаардаж байна. Та яагаад уучлалт гуйхгүй байгаа вэ?
-1-рт, би уучлалт гуйхгүй. Би ямар нэг хүнийг доромжилж, худал хэлсэн, хулгай хийсэн зүйл байхгүй. Одоо бид бие биедээ тунирхаж суух цаг биш. УИХ-ын үйл ажиллагааг улс төрийн зорилгоор бойкотолж байгаагааа зогсоох ёстой. Ажил тасалснаараа та нар ард түмнээс уучлалт гуй. Сая Д.Амарбасягалан ноцтой мэдэгдэл хийж, миний нэр төрд халдлаа. Би хууль зөрчөөгүй, ямар нэг зүйл буруу хийгээгүй. Ер нь энэ асуудалтай холбоотойгоор АТГ, ЦЕГ-т хандаж, хууль зөрчсөн эсэхээ шалгуулж байна.
-Та ер нь уучлал гуйж болохгүй байгаа юм уу. Эсвэл өөрийн хүсэлтээр огцрох уу. Тэр нэг эксел файлыг гишүүд авч танилцсан нь бол үнэн гээд байгаа?
-Би яасан гэж уучлалт гуйх вэ? Би огцрохгүй. Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр болж байна. Д.Амарбаясгалан бол өөрөө хулгайч. Д.Амарбаясгалан бол Бортээгийн хулгайч. Бортээгийн хулгай, боловсролын төсөв 2 бол тэнгэр газар шиг, өдөр шөнө шиг ялгаатай. Үнэхээр Д.Амарбаясгалан тийм хоншоортой юм бол бүрэн эрхээсээ татгалзаад, шалгуул.
Би 2016 онд УИХ-ын дэд дарга байхдаа бүрэн эрхээсээ татгалзаад, Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгуулъя гэсэн эр зориг гаргаж байсан гишүүн.
-Таныг огцруулах асуудлыг ирэх 7 хоногт УИХ-л оруулна гэсэн. Ерөнхий сайд таныг уучлал гуйгаад, ажлаа явуулъя гэсэн юм биш үү?
-Эд одоо хаашаа юм. Айлын эрх хүүхэд юм уу, ард түмний элч төлөөлөгч юм уу? Хэндээ эрхлээд байгаа юм. Тангараг өргөсөн УИХ-ын гишүүд ш дээ.
-Та өөрөө сайдынхаа суудлаас буугаад, Д.Амарбаясгалан гишүүнтэй хөтлөлцөөд шалгуулж болохгүй юм уу?
-Хэрэв би гэм хийсэн бол би хэзээ ч шалгуулахад бэлэн.
-Наадах чинь та нарын асуудал. Тэр маргаад байгаа 50, 62 тэрбум төгрөгийн асуудлыг л шалгах ёстой шүү дээ.
-Би Төсвийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хороонд “Гэрт ойрхон сургууль”-тай холбоотой мэдээллээ бүгдийг нь танилцуулахад бэлдчихсэн. Хувьсах зардал гэдэг бол сая гарч ирсэн зүйл биш. 30 жил явж ирсэн тогтолцоо. Хувьсах зардлаар хувийн сургуульд 80 мянга, цэцэрлэгт 30 мянган хүүхэд хүмүүжиж байна. Төрийн, хувийн сургуулийн хүүхэд гэж байхгүй. Бүх хүүхэд суралцах эрхтэй. Хүүхдүүдийн сурах эрхийг л хангая гэж байна.
Энэ явуургүй улс төрөө одоо зогсооё. Ажлаа хийе.
-Тийм файл байсан нь үнэн юм биш үү?
-Бид ажил хийхийн судалгаа хийсэн. Хэдэн зуун сая файл бий. Судалгааны файлыг улстөржүүлээд байх шаардлага байхгүй. Хэвлэлээр гарсан 15 тэрбум төгрөгийн задаргааны файл дээр байгаа мөнгө бол 15 сургуулийн нэгдсэн дүн. Яамнаас гаргасан файлд Ерөнхий сайдын хамаарал бүхий сургууль байхгүй.
-Ардчилсан нам “Өнгөрсөн 3 жилд Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий компанид 8.3 тэрбум төгрөг олгосон байна” гэсэн мэдээллийг өгсөн. Тэгсэн юм уу?
-Хувьсах зардал бол 30 жил явж ирсэн гэдгийг би дахин хэлье. Энэ бол олон жил явж ирсэн хувьсах зардлын мэдээлэл. Ил тод байгаа. Зөвхөн Ерөнхий сайдыг сонгож, улс төрийн зорилгоор үүнийг гаргаж ирж байна.
-Д.Амарбаясгалан таныг Засгийн газраа огцруулах хүсэлтэй байна гэдгийг хэлсэн?
-Жинхэнэ Түгжил нь би болсон уу. Тэгвэл Д.Амарбаясгалан Бортээгийн хулгайгаа ярих хэрэгтэй. Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүнээсээ татгалзаад, Бортээгийн асуудлаа шалгуулах хэрэгтэй.
-Нэгдүгээр ангийн хүүхдүүд сурах бичиггүй байна. Яагаад одоо болтол сурах бичиг тараахгүй байна вэ?
-Эн жил цэцэрлэг, сургууль хөтөлбөрийг шинэчилж байгаа. Тиймээс 10 дугаар сарын 1-нээс 1 дүгээр ангийн 7 сурах бичгийг хүргэж эхэлнэ. Сурах бичгийн тендер дээр бага зэрэг асуудал хөндөгдсөн ч 2-12 дугаар ангийн сурагчид сурах бичигтэй байгаа. 1 дүгээр ангийнхан бол шинэ хөтөлбөрт хамрагдаж байгаа учраас ном удахгүй тараана.
-Та олон жил Хөвсгөл аймгаас сонгогдсон. Гэтэл одоо болтол Цагааннуур сумын сургууль гал түлдэг хэвээрээ байгаад та юу хэлэх вэ?
-Цагааннуур сум зэрэг сургуулийн асуудлыг Азийн хөгжлийн банкны төсвөөр энэ жил шийдэх гэж байгаа.
