2008 оноос хойш хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилтийг УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хянахаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:
-Ялангуяа Засгийн газар, салбарын яамд маш их анхаарал тавихгүй бол сүүлийн 10 жилд 2 удаа ноцтой, 2 удаа маш муу, 4 удаа муу, 2 удаа зөрчилгүй дүгнэлт аудитаас авсан байна. Ийм юмыг хамгаалах хэрэггүй. Энэ дэмжлэг урамшууллаа эргэж харахгүй бол болохоо байсан байна шүү.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:
-2 янзын юм байгаа юм байна лээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан гээд даргын гарын үсгээр гарч байсан юмнууд маш их зөрчилтэй. Улс төрийн шийдвэр, янз янзын юм нөлөөлдөг юм шиг байгаа юм. Дараа нь арилжааны банкаар гаргасан. Санхүү талдаа албан тушаалтан оролцохгүй байх сайн талтай ч салбар хяналтаа алдах гээд байна. Арилжааны банкнаас зээл авч, 10 хувийг төрөөр даалгачхаад үнэхээр тэрийгээ хийж байна уу? Улаанбуудай тарих гэж зээл авчхаад, машин зараад байна уу? Банканд бол зээлээ төлөөд байгаа нь сайн. Үүнийг хянах шаардлагатай юм байна лээ.
Хөнгөлөлттэй зээлийг байхгүй болгох, зогсоох тал дээр их зөөлөн газардуулах ёстой гэж би бодож байна. Эрдэнэшиш, ногоон тэжээл гадаад руу гаргадаг болбол Засгийн газрын дэмжлэггүйгээр энэ хүмүүс болчихно. ГХЯ-тай хамтарсан ажлын хэсэг гаргаад, 11-р сараас явъя, гарц нээе. Нээж чадвал цаашдаа ийм хэрүүл гарахгүй. Өнөөдөр 150 тэрбум төгрөгөөр худалдан авалт зарлаад байна. Үүнийг мах шиг ибаримтаар баталгаажуулдаг болох хэрэгтэй.
