Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Б.Г 2024 оны 9 дүгээр сарын 20-нд дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, Монгол Улсад хориглосон, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар түүж бэлтгэжээ. Тэрхүү 286.3 грамм жинтэй бодисыг тэр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ хадгалж байгаад, цагдаад баригджээ.
Тэр энэ хэрэгт шалгагдаж байхдаа гадаад улс руу оргон зайлсан байна. Түүнийг Интерполын шугамаар эрэн сурвалжилж, Турк улсаас албадан авчирчээ.
Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх Б.Г-д 1 жил, 5 сар хорих ял оногдуулав. Түүнийг Интерполын шугамаар эрэн сурвалжилж, Турк улсаас албадан авчрахад 18.6 сая төгрөгийн зардал ЦЕГ-аас гарчээ. Үүнийг түүнээс гаргуулж, цагдаагийн байгууллагад олгохоор шийдвэрлэв.
