Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр, Төв аймгийн Алтанбулаг суманд ямааны гоц халдварт годрон өвчин гарч, Цогтод 3986, Дэлгэрт 1137 ямаа, Төв аймгийн Алтанбулагт 747 ямаа устгаад байна. “Саятан сүрэг” гэх цахим дэлгүүртэй, үржлийн мал худалддаг хувь хүн Говь-Алтай аймгийн Цогт суманд үүлдэр нь тодорхойгүй 12 ухна заржээ. Үүнээс цааш өвчин тархсан байна.
Энэ талаар Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр багийн малчин “Манайх тийм ухна авчирсныг мэдээгүй. Өөрсдөө ухна захиалаагүй. Манай хүн рүү сумын засаг даргын орлогч С.Мандахнаран “Ноолуурын чиглэлийн ухна ирсэн. Түрүүлж авсан нь хожно шүү. Танайх нэг ухныг нь авах уу?” гэж ярьсан.
8-р сарын 30-ны орой сумын төвд очиж, айлын амбаарт байсан ухныг авсан. Шууд хотондоо аваачиж тавьсан. 8 сарын 31-нд мөнгийг нь, 1 сая төгрөг шилжүүлсэн. Тэр ухныг авчраад шууд хониндоо тавьсан. Шинжилгээнд явуулсан сорьцоос годрон илэрсэн гэсэн. Одоогоор малд өвчний шинж тэмдэг илрээгүй байна” хэмээн ярилаа.
