Цогт сум ОНХС-гийн 19.9 сая төгрөгөөр 12 ухна худалдан авч, малчдад 1 саяар заржээ


“Саятан сүрэг” гэх цахим дэлгүүртэй, үржлийн мал худалддаг хувь хүн Говь-Алтай аймгийн Цогт суманд үүлдэр нь тодорхойгүй 12 ухна зарсныг ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар тогтоогоод байна. Тэр хүн 10 аймгийн 13 байрлалд ухнаа аваачиж зарсан нь одоогоор тодорхой болоод байгаа аж. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр, Төв аймгийн Алтанбулаг суманд ямааны гоц халдварт годрон өвчин гарч, Цогтод 3986, Дэлгэрт 1137 ямаа, Төв аймгийн Алтанбулагт 747 ямаа устгаад байна.

Цогт суманд аваачиж зарсан 12 ухныг Орон нутгийн хөгжлийн сангийн малын үүлдэр угсаа сайжруулах зориулалттай мөнгөөр худалдан авчээ. Тус сумын ЗДТГ 2026 онд малын үүлдэр угсааг сайжруулах зориулалтаар ОНХС-гаас 60 гаруй сая төгрөг зарцуулахаар баталжээ. Үүнээс 19.9 төгрөгөөр нь 12 ухна авсан юм байна.

Уг нь тус сумын удирдлагууд малчдаас санал авч, малынхаа үүлдэр угсааг сайжруулахаар болсон байна. Үүний дагуу Төв аймгаас ухна авсан гэнэ.

Түүнийгээ Цогтын удирдлагууд сумынхаа малчид зарсан аж. “Арвас” үүлдрийнх байж болзошгүй, үүлдэр нь яг тодорхой болоогүй энэ ухныг 1-ийг нь 1 сая төгрөгөөр малчдад худалдсан байна. Үүнд Цогт сумын ИТХ-ын дарга, сумын засаг даргын орлогч хоёр холбогдоод буй аж. Учир нь малчдаас 1 сая төгрөгийг сумын засаг даргын орлогч С.Мандахнаран шилжүүлэн авсан тухай малчид ярилаа.

Дээрх 12 ухнаас 1-ийг худалдаж авсан Цогт сумын Төгрөг багийн малчныд хамгийн анх годрон өвчин гарчээ. Эдгээр ухныг Төв аймгийн Алтанбулаг сумын иргэн Н-ээс Цогт сумын засаг даргын орлогч С.Мандахнаран авчирсан гэнэ.

Харин “Саятан сүрэг” дэлгүүрээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны иргэн Б 10 сая төгрөгөөр 1 ухна авчирсан аж. Тэр нь Цогт сумын засаг даргын орлогчийн авчирсан ухнатай хамаагүй юм байна. Б-ийн “Саятан сүрэг” дэлгүүрээс худалдан авсан “Арвас” үүлдрийн ухнаас 2026.10.04-нд шинжилгээний сорьц авч, Улсын мал эмнэлгийн төв лабораторид илгээжээ. Хариу нь 2026.10.06-нд гарна.

Цогт сумын засаг даргын орлогч С.Мандахнаран ухнуудыг авахдаа шинжилгээ хийлгээгүй, тийм бичиг шаардаж аваагүй аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *