УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо өнөөдөр хамтарч хуралдав. Төсвийн байнгын хороо 30, Эдийн засгийн байнгын хороо 32 гишүүнтэй. Эдгээр хорооны гишүүдийн 32 (57.1 хувь) нь ирж, хоёр асуудал хэлэлцлээ. Хамтарсан хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Б.Жавхлан, Г.Тэмүүлэн, Ш.Бямбасүрэн, Ж.Батжаргал, Д.Үүрийнтуяа, Ж.Ганбаатар, Б.Мөнхсоёл, Ч.Лодойсамбуу, Н.Наранбаатар, Н.Батсүмбэрэл, А.Ариунзаяа, Б.Заяабал, Р.Батболд, Н.Алтанхуяг, П.Ганзориг, Л.Мөнхбаясгалан, Ж.Баясгалан, Г.Уянгахишиг, Л.Соронзонболд, Ж.Батсуурь, Ч.Номин, М.Энхцэцэг, Б.Пунсалмаа, Б.Чойжилсүрэн, Ц.Даваасүрэн, Ч.Анар, М.Бадамсүрэн, Х.Болормаа, Д.Энхтүвшин, П.Сайнзориг, Б.Жаргалан нар суув.
Засгийн газар болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүнээс өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийн 6.1.2-т төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээг 3 хувь болгож өөрчлөхөөр ЗГ тусгажээ. Ингэвэл төсвийн тогтвортой байдалд хүндрэл учруулна хэмээн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар байр суурь илэрхийлэв. УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Б.Жаргалан нар ДНБ-д эзлэх хэмжээг 3 хувь болгож өөрчилснийг бууруулах санал гаргав.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Өнөөдрийн байдлаар манай улс соёрхон баталсан 116 зээл тусламжийн төсөл байна. Үүнээс 89 нь хэрэгжиж байна. Зээлээс ашиглаагүй үлдсэн 14.5 их наяд төгрөг байна. 95 хувь нь 2030 онд дуусна. Гэтэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээг 2 хувь гээд заачхаар зээл тусламжаа ашиглаж чадахгүй, мөнгөний үнэ цэн унаж байна” гэв.
Ингээд УИХ-ын гишүүн Б.Жаргалан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2 дахь заалтын “3 хувь…” гэснийг 2 хувь болгох зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.2 хувь нь дэмжив.
