“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг Монгол Улсын 3.4 сая иргэнд эзэмшүүлэх Засгийн газрын тогтоол гарснаас хойш 4 удаа ноогдол ашиг хуваарилаад байна. 2019-2024 онд хувьцаа эзэмшигчдэдээ олгосон ноогдол ашгаас нийт 145.2 тэрбум төгрөг тараагаагүй байна. Үүний 66 тэрбум нь нас барсан 132.203 хүнийх бол үлдсэн нь харьяаллаа өөрчилсөн иргэдийнх аж. Тэдний ноогдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хадгалж байна.
Нас барсан, харьяаллаа өөрчилсөн иргэдийн хувьцааг хэрхэх тухай эрх зүйн зохицуулалт саяхныг болтол манай улсад байсангүй. Үүнээс болоод олон хүний ноогдол ашиг хуримтлагджээ. Тэгвэл Засгийн газар 2026.04.29-ний хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталж, 2025.12.31-ний байдлаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн бүртгэлд байгаа, нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэ тогтоолыг 2026.06.01-нээс мөрдөнө.
Иргэдийн хувьцаа өвлөх хүсэлтийг цахимаар шийдвэрлэх систем хөгжүүлж, бэлэн болгожээ.
“Эрдэнэс Тавантолгой” компани анх байгуулагдахдаа нийт 12 тэрбум ширхэг хувьцаа гаргасан. Үүний 20 хувь болох 3 тэрбум хувьцааг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн юм. Уг хувьцааг хуваахад 1 хүнд 1072 хувьцаа оногдсон.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчид:
8.8 тэрбум (73.50%)-ыг “Эрдэнэс Монгол” ХХК,
7.1 сая (0.06%)-ыг үндэсний 488 аж ахуйн нэгж,
3.1 тэрбум (26.44%)-ийг Монгол Улсын 3.408.021 иргэн
Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхээс өмнө нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан, хийсвэр болон хүчингүй бүртгэлтэй иргэдэд нийт 6.72 тэрбум төгрөг хуваарилжээ. Тодруулбал:
- Хувьцаа эзэмшүүлэхээс өмнө нас барсан 388 иргэнд 425.299 хувьцаа өгсөн
- Хувьцаа эзэмшүүлэхээс өмнө Монголын харьяатаас гарсан 1.482 иргэнд 1.685.760 хувьцаа олгосон.
- Хүчингүй регистртэй 6.272 иргэний нэр дээр 6.723.584 хувьцаа бүртгэгджээ. Үүнээс регистрийн дугаараа солиулсан 2.449 хүн байна. Тэднийг хуучин болон шинэ РД-аар нь давхар бүртгэжээ.
Үүнийг Үндэсний аудитын газар илрүүлсэн юм. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК хувьцаа эзэмшигчдийнхээ бүртгэлийг Иргэний бүртгэлийн мэдээллийн сантай тулган баталгаажуулах шаардлагатай болжээ. Энэ ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран хийхийг тус компанид ҮАГ зөвлөөд байна.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК үүний дагуу шалгаад, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн нэрсийн жагсаалтад алдаа гарсныг илрүүлжээ. 1072 хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгдөг. Тэр мэдээлэлд алдаа гарсан гэнэ. “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК энэ асуудлаар “Эрдэнэс Тавантолгой ХК-нд хандаж, авах эзэнгүй мөнгийг буцаан авахыг хүсжээ.
