Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгуулсан тухайгаа УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр зарлав. Тэр өнөөдөр (2026.10.08) 389 дүгээр захирамж гаргаж, гэр хорооллын айлуудыг эко өрх болохыг дэмжих бодлого, эрх зүйн зохицуулалт, санхүүжилтийн арга хэрэгслийг боловсронгуй болгох, санал дүгнэлт гаргах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа.
Энэ ажлын хэсэг гэр хорооллын айлуудыг гэр, байшингаа дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй сууц барих, цахилгаан, дулаанаа сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, утаагүй халаалтын байгууламж, хөрс бохирдуулдаггүй бие даасан ариун цэврийн байгууламжтай болохыг нь цогцоор нь дэмжих юм байна. Эко гэж айлыг хэлэхийг тодорхойлж, шалгуур бий болгоно. Ийм өрхөд ямар дэмжлэг үзүүлэхээ шийднэ. Ямар нөхцөлд дэмжлэг үзүүлэхээ тодорхойлно.
Түүнчлэн амины орон сууц барих айлуудыг ипотекийн зээлд хамруулах, ногоон зээлийн хугацааг уртасгах, хүүг бууруулахад шаардагдах зардлыг 2027 оны улсын төсөвт тусгуулахад энэ ажлын хэсэг санаа тавих нь. Ингэхдээ эхлээд судалгаа хийж, тооцоо гаргахаар болжээ. Ажлын хэсэг холбогдох санал, дүгнэлтийг УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулж, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх аж.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Г.Очирбат, Л.Соронзонболд, А.Ундраа, С.Цэнгүүн, М.Энхцэцэг нар бүрэлдэхүүнтэй энэ ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц ахална. Тэдэнд холбогдох яамд, төрийн болон нийслэлийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүд дэмжлэг үзүүлнэ. Дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүнийг ч УИХ-ын дарга баталжээ.
Тэдний ажлыг гал түлэхгүй, гадаа гарч бие засахгүй, үнс нурмаар орчноо бохирдуулдаггүй болсон айлын тоогоор дүгнэнэ.
Дөнгөж байгуулагдсан уг ажлын хэсэг өнөөдөр шууд анхны хурлаа хийж, хүрэх үр дүн, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар хэлэлцэж, агаар болон хөрсний бохирдлыг бууруулахад өрхийн болон аж ахуйн нэгжийн түвшинд хэрэгжүүлэх шийдлүүдийг тодорхойлов. Тухайлбал: Аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний эх үүсвэрийг бие даан шийдвэрлэх, уурын болон нам даралтын зуухыг утаагүй технологид шилжүүлэх боломжийг судалж, дэмжихээр боллоо.
