Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, сургуулийн барилгыг ашиглалтад хүлээн авлаа.
Тус сургууль нь хүүхэд багачуудын авьяас, чадварыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан Өсвөрийн зохион бүтээгчдийн сургууль, Залуу байгальчдын станц, Хөгжмийн оройн сургуулийг нэгтгэн 1993 онд “Авьяастны сургууль” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй.
Өнөөдрийн байдлаар тус сургууль 45 бүлэгт 1,765 суралцагч, 97 багш, ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна. Хамран сургах тойргийн хүн амын өсөлт, үүнтэй холбоотойгоор суралцагчдын тоо нэмэгдэж буй нь сургалтын орчин, хүчин чадлыг өргөжүүлэх шаардлагыг бий болгож байгааг сургуулийн удирдлагууд танилцууллаа.
Энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах хүрээнд улсын төсвийн 6.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилгыг барьж байгуулсан бөгөөд гүйцэтгэгч “Сүхжин” ХХК барилгын ажлыг дуусган, ашиглалтад хүлээлгэн өглөө.
Шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд болон холбогдох албаны хүмүүс, сургуулийн багш, сурагчид оролцлоо.
Сургуулийн шинэ барилга ашиглалтад орсноор суралцагчдын сурч боловсрох орчин, нөхцөл сайжирч, сургалтын үйл ажиллагааг стандартын шаардлагад нийцүүлэн зохион байгуулах, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Түүнчлэн сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр хамран сургах тойргийн хүүхдүүдийг сургуульд тэгш хамруулах нөхцөл сайжрах ач холбогдолтой юм.
Ийнхүү Дорнод аймагт өнөөдөр хоёр сургуулийн шинэ барилга ашиглалтад орсноор боловсролын салбарын сургалтын орчин, дэд бүтцийг сайжруулах, хүүхэд бүрд чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.
