“Cruel Intentions”, “Hellboy” зэрэг киногоороо танигдсан жүжигчин Селма Блэйр Лос-Анжелесаас Нью-Йорк руу нисэж явсан “Delta Air Lines” компанийн онгоцонд бусдад бие махбодын халдлага үйлдсэн гэх хэргээр баривчлагджээ. Энэ талаар Нью-Йорк, Нью-Жерси мужийн боомтын газрын цагдаагийн байгууллага аравдугаар сарын 12-нд мэдээлсэн байна.
Аравдугаар сарын 11-ний орой болсон хэргийн үеэр онгоцны үйлчлэгчид гэмтэж, тэдний нэгийг эмнэлэгт хүргэжээ. Онгоц Нью-Йоркийн Жон Ф.Кеннедигийн олон улсын нисэх буудалд газардсаны дараа цагдаа нар 54 настай жүжигчнийг саатуулж, эмнэлгийн үзлэгт хамруулахаар хүргэсэн байна.
Харин жүжигчний төлөөлөгчийн мэдээлснээр, Блэйр нислэгийн үеэр эмнэлгийн яаралтай тусламж шаардсан нөхцөл байдалд орсон бөгөөд энэ нь түүнийг бусдад халдсан гэх үйлдэлд хүргэсэн аж. Тэрбээр газардсан даруйдаа эмнэлгийн тусламж авч, биеийн байдал нь тогтвортой байгаа гэж мэдэгджээ.
Селма Блэйр 2018 онд олон голомтот хатуурал буюу multiple sclerosis өвчтэй гэж оношлогдсоноо олон нийтэд мэдээлж байсан юм.
