Шадар сайдыг сандаргасан түймрийг тавьсан хүнд 2 жил тэнсэх ял оноолоо


Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Хоёр даваанд иргэн Б.Т-г төмөр таслагчаар төмөр тасалж байхад нь оч үсэрч, 2025 оны 4 дүгээр сарын 28-нд ой, хээрийн түймэр гарсан. Зүүнбүрэн, Хушаат сумын нутаг дэвсгэрийг хамарсан 4,128.43 га талбай уг түймэрт өртөж, байгаль орчинд 2.2 тэрбум төгрөгийн хохирол учиржээ. Уг түймэрт 8 иргэний эд хөрөнгө өртөж, нийт 90.7 сая төгрөгийн хохирол учирчээ.

Энэ хэрэгт тус аймгийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Б.Т бусдад болон байгальд учруулсан хохирлоо шүүх хурлаас өмнө төлсөн аж. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Б.Т-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жил тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авлаа.

Тухайн үед УИХ, Засгийн газрын гишүүдийг батлан хамгаалах, онцгой байдлын салбарын нисдэг тэргийг хөлөглөн, Булган аймагт хуралдаж байх зуур Булганы Хангалд 1, нийслэлийн Богд ууланд 1, Хэнтийн Норовлинд 1, Сэлэнгийн Сайхан, Ерөө, Цагааннуур, Зүүнбүрэнд 4 түймэр дэгдсэн юм. Тэр хойгуур гал сөнөөгчид түймрийн голомтод очих гэж цаг алдан, түймэр улам газар авсан. Үүнийг сэтгүүлчид шүүмжилсний дараа Шадар сайд С.Амарсайхан 4-р сарын 29-нд энэ түймрийн голомтод нисдэг тэрэг хөлөглөн очиж байв.

Энд үүссэн ой, хээрийн түймрийг 12 м/с хүчтэй салхи талаар нэг тарааж, цурманд оруулсан түймрийг эргүүлэн алдах, түймрийн тархац нэмэгдэх явдал гарч байлаа. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг Сэлэнгэ рүү давхиж, Үндэсний аврах бригадын 40, нийслэлийн Онцгой байдлын газрын 25, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 11 аврагчийг Сэлэнгийн түймэрт дайчилсан.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Алтансүхээр ахлуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй 2 бүлэг уг түймрийг унтраахад тусалж, 2025.04.29-нд 12 хүний бүрэлдэхүүнтэй 1 бүлэг нэмж, илгээсэн. Сэлэнгийн гал сөнөөгчид мэдээж, бүгд шахам түймэрт явсан. Энэ түймрийг 4 хоног нүдэж байж, 2025.05.02-ны 06:35 цагт бүрэн унтраажээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *