Италийн Сэргэн мандалтын үеийн 2 алдартны бүтээлийг эх орондоо үзээрэй


Италийн Сэргэн мандалтын үеийн нэрт зураач Рафаэл Сантигийн “Хөрөг” бүтээл, Жиан Лоренцо Бернинигийн “Хүрэл баримал”-ыг Чингис хаан үндэсний музейд ирж үзээрэй. Энэ 2 алдартны бүтээлийг монголчуудад үзүүлж буй “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн 11-р сарын 1 хүртэл тус музейд гарч байна.

Сэргэн мандалтын урлаг хүний оюун ухаан, хүч чадлыг магтан дуулдаг. Бернини XVII зууны төлөөлөгч Барокко урсгалыг үндэслэгч. Барокко хүний бие бялдрын хөдөлгөөнийг хамгийн эрчтэйгээр харуулдаг онцлогтой. Түүний уран зургууд тайван бус байдал, хэт олон дүр дүрслэл, хязгааргүй үргэлжлэх орон зайгаараа ялгардаг бол уран барималд сэтгэл догдлол, хүсэл тачаалыг дөвийлгөх нь түгээмэл байдаг.

Чингис хаан үндэсний музей, Ромын Боргезе галерей хамтран “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг монголчуудад зориулан гаргаж байгаа юм. Сэргэн мандалтын оргил үеийн суу билэгт уран бүтээлч Рафаэл Сантигийн “Хөрөг” бүтээл, XVII зууны эхэн үеийн Барокко урсгалын шилдэг бүтээлчийн нэг Жиан Лоренцо Бернинигийн “Хүрэл баримал”-ыг эх орондоо үзэх боломж монголчуудад олдож байна.

Энэ алдарт бүтээлүүдийг алсын Ромоос Улаанбаатарт авчирч, Монгол-Итали хоёр улсын соёлын харилцааны илэрхийлэл болгож байна. Уг үзэсгэлэнг нээх үеэр Боргезе галерейн захирал Франческа Каппеллетти “Эдгээр хоёр бүтээл нь хүрэл болон будгаар бүтээсэн эд зүйлс биш. Тэд дохио зурвас дамжуулагч. Тэдгээрт Италийн бүтээлч сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл, алсын харааны олон зуун жилийн түүх шингэсэн юм” хэмээн онцолсон юм.

Италийн урлагийн голомт Флоренц хотод мастерын зэрэг хамгаалсан куратор Ж.Дархижав энэ тусгай үзэсгэлэнг мэргэжлийн өндөр түвшинд тайлбарлаж байна. Чингис хаан үндэсний музей мягмар гарагт амардаг. Бусад өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд энэ үзэсгэлэн нээлттэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *