Б.Д.Эдуардович: “Бор-Өндөр”-ийн агуулахыг засвал 3000 трактор угсрах төв байгуулах боломжтой


Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотын тракторын үйлдвэрийн Төсөл, технологийн хэлтсийн дарга Бабарико Дмитрий Эдуардович Монгол Улсад иржээ. Тэр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд очиж, трактор угсрах төв байгуулах боломжтой гэж үзэж буй барилга, байгууламжтай газар дээр нь танилцав.

“Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн хүнс, барааны төв агуулах байсан барилгыг 2015 оноос хойш ашиглаагүй ч төмөр замын өртөөнд ойр байрладаг. Уг барилгын дотоод зохион байгуулалт, хийцийг өөрчилж, жилд 80 морины чадалтай 3000 хүртэл трактор угсрах төв байгуулах боломжтой гэж Бабарико Дмитрий Эдуардович үзэж байна. Монгол Улс уг барилгыг шуурхай засвал трактор угсрах төвийн шугамыг 3 сарын дотор суурилуулах боломжтой гэнэ.

Минскийн тракторын үйлдвэр 1946 онд байгуулагдсан. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд тус үйлдвэр 4 сая гаруй трактор үйлдвэрлэжээ. Жилд 45 мянга орчим машин үйлдвэрлэдэг. Трактор, машиныхаа 90 гаруй хувийг 125 улсад нийлүүлдэг аж. Дэлхийн тракторын зах зээлийн 8-10 хувийг тус үйлдвэр хангаж байна. Манай улс 1960-аад оноос тус үйлдвэрийн тракторуудыг хөдөө аж ахуйн салбарт ашиглаж ирсэн юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнгөрсөн 6-р сард Беларусь улсад айлчилж, тус улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар 5 баримт бичигт гарын үсэг зурсан. Түүний 1 нь хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, трактор угсрах төв байгуулах тухай Монгол Улсын ХХААХҮЯ-ны харьяа “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК болон БНБУ-ын Минскийн тракторын үйлдвэр хооронд байгуулсан санамж бичиг байв. Энэ санамж бичгийн хүрээнд Минскийн 35 болон 50 морины хүчтэй тракторыг Монголд угсран, дотоодын аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэхээр болсон.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *