Эг гол дээр УЦС барих Монгол Улсын Засгийн газрын ТЭЗҮ-г судалсан Орос, Монголын эрдэмтдийн баг нэгдсэн дүгнэлтээ гаргажээ. Манай улсын төлөвлөгөөг ОХУ-ын судлаачид “Байгаль орчинд хөнөөлгүй” хэмээн хүлээн зөвшөөрч, зарчмын хувьд дэмжсэн байна. Энэ тухай протоколд 2 улсын судалгааны баг гарын үсэг зурлаа.
Одоо тус баг тайлангаа ОХУ-ын ШУА-д 2026.11.18-нд хүлээлгэн өгөх юм. Үүний дараа 2 улсын Засгийн газарт ажлын тайлан, нэгдсэн дүгнэлтээ хүлээлгэн өгнө.
Уг голын асуудлаар Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар 2024.10.09-нд хэлэлцээр хийж, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, Усны газрын дарга З.Батбаяр, ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл нар оролцсон. Эг гол дээр УЦС барих төслийн гол гацаа нь байгаль орчинд үзүүлэх нөлөө. Ялангуяа Байгаль нуур, Сэлэнгэ мөрний экосистемд үзүүлэх нөлөөн дээр хоёр тал зөрүүтэй байр суурьтай байсаар ирсэн юм. Хоёр орны ШУА-ийн судлаачид хамтран, энэ асуудлыг нэг талд нь гаргаж, Засгийн газартаа нэгдсэн дүгнэлт гаргаж өгөхөөр ЗГ хоорондын хуралдаанаас шийдвэрлэсэн. Үүний дагуу судлаачдаас бүрдсэн хоёр талын ажлын хэсэг хамтран ажиллаж, УЦС барьж болох үгүйг шинжлэх ухааны тайлалтай дүгнэж өгөв.
Олон жилийн турш энэ асуудлаар 2 талын албан тушаалтнууд шийдэлд хүрээгүй. Харин одоо судлаачид хамтран ажиллаад, нэгдсэн дүгнэлт гаргаж, зөвлөмж өгөхөөр болж байна.
2025 онд 2 талын судлаачид энэ асуудлыг судлаад, 2026 оны эхний хагас жилд нэгдсэн дүгнэлт гаргахаар тохирсон. Үүний дагуу хоёр орны ШУА тус бүр 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргасан юм.
Энэ талаар Монголын ажлын хэсгийн ахлагч, ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл “Монгол, Оросын судлаачид нэг л асуудлыг хамтран судалж байгаа учир нэгдсэн, зөв дүгнэлтэд хүрнэ гэдэг итгэл үнэмшилтэй байгаа. Эг голын УЦС-ын төсөл Монгол Улсын хувьд тун чухал. Байгаль нуурын экосистемд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр УЦС байгуулах, ашиглах боломж бий гэдэгт би итгэдэг. Энэ итгэлийг судалгааны хамтарсан дүгнэлтээр баталгаажуулахын төлөө ажиллана.
Монголын тал их судалгаа хийсэн. Оросын тал ч энэ чиглэлээр их судалсан. Оросын талаас “Монголын тал судалгаандаа Оросын талд хийгдсэн судалгааны өгөгдлийг дутуу ашигласан байна” гэдэг асуудал тавиад байгаа. Бид асуудлыг авч үзнэ. Хамт суугаад шийдье гэж байгаа. Ямар нэг зөрчил үүсвэл нэмэлт судалгаа хийхээр тохирсон. Нэмэлт судалгаа хийх хугацаагаа оруулаад, эцсийн дүгнэлт 2026 оны эхний хагас жилд гарна” хэмээн time.mn-д ярилцлага өгч байлаа. Дэлгэрэнгүйг https://time.mn/n/71023 эндээс уншаарай.
