Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ


УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх дээр санал хурааж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг 59.5 хувь нь дэмжив.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр тус хороонд танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:

-Парламентаас ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталж, татвар, нийгмийн даатгалын хуулиудад өөрчлөлт оруулсан. Эдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ирэх онд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ батлагдсан дүнгээс 1 их наяд төгрөгөөр дутах төлөвтэй. Иймд төсвийн орлого, зарлага, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэх шаардлага үүссэн. Тиймээс Засгийн газар “Оюутолгой” төслөөс 2027 онд төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос 3 ихнаяд төгрөг төсөвт төвлөрөхөөр төсөөлснөө эрчим хүч, дэд бүтэц зэрэг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар тооцсон.

Энэхүү хэрэгцээ, шаардлагын улмаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа төсвийн тусгай шаардлагыг өөрчилж, ногдол ашгийн орлого, орон нутгийн үнэт цаас, урьд оны үлдэгдлээс хамаарсан эх үүсвэр нэмэгдсэнтэй холбоотойгоор нэмэгдсэн орлогын хэмжээгээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12.1.4-т заасан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлэн тооцож болно. Энэ тохиолдолд уг нэмэгдлийн хэмжээнд тус хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлага хамаарахгүй байх зохицуулалтыг тусгасан.

Төсвийн тусгай шаардлагуудыг тооцохдоо гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн байгууллагуудын гаргасан үнийн төсөөлөлд үндэслэх, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, экспортын төлөвтэй уялдуулан тооцож, төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тодорхойлсон. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг тухайн төсвийн жилийн ДНБ-ий 2 хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байхаар, төсвийн нийт зарлагын өсөлтийг тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт болон өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байхаар тооцож, эдийн засгийн суурь өсөлттэй уялдуулан төсвийн зарлагыг төлөвлөхөөр тусгасан.

Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдлийг 2027-2028 онд тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 50 хувиас, 2029 онд  ДНБ-ий 45 хувиас хэтрэхгүй байхаар тооцсон. Хуулийн төслийн үр дүнд Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан макро эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг эдийн засгийн шинэчилсэн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэн тооцож, 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг бодит тооцоо, үндэслэлтэй төлөвлөх, улсын төсвийн хөрөнгийг үр ашигтай, оновчтой хуваарилах, төсвийн бодлогыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *