Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоонд анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдаж, өнөөдөр үүдээ нээлээ. Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдсанаар гэр бүлийн маргааныг мэргэшсэн түвшинд шийдвэрлэх, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах, гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй маргаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх юм байна.

Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29-р хороонд “Драгон” төвийн хойно байрлаж байна.

Тус шүүхийн үйл ажиллагаа 2026 оны 11 дүгээр сарын 01-нд эхэлж. гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааны нэхэмжлэлийг хүлээж авна.

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт “Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх бол гэр бүлийн маргааныг зөвхөн хууль зүйн асуудал гэж үзэх бус, маргааныг шийдвэрлэхээс гадна зөрчлийн шалтгааныг ойлгож, талуудын хариуцлагыг ухамсарлуулах, хүүхдийн эрх ашигт нийцсэн тогтвортой шийдэлд хүрэхийг зорих, хүний амьдрал, гэр бүлийн харилцаа, хүүхдийн эрх ашигтай холбон авч үздэгээрээ онцлог билээ. Therapeutic justice гэх хууль зүй, сэтгэл судлал, социологийн салбар дундын харилцааг илэрхийлсэн ойлголт нь “Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх – ялладаг, цээрлүүлдэг бус, асуудлыг эдгээн шийдвэрлэдэг, анагаадаг шүүх байх учиртай” гэж үздэг. Үүний дагуу эдгээх шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх, тогтооход та бүхний оролцоо хамгаас чухал” гэв.

Улсын Их Хурал 2021 онд Монгол Улсын шүүхийн тухай хууль, 2024 онд Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг баталсан. 2024 оны зургадугаар сарын 5-ны өдөр Шүүх байгуулах тухай хуулийг баталж, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх болон Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийг байгуулахаар шийдвэрлэсэн. Улмаар 2026 оны хаврын чуулганаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж, гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг, хариуцлагыг бэхжүүлэх, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгосон байна.
