Увс аймгийн өмгөөлөгч Д.Д эрүүгийн хэргийн оролцогч Ч.О-г өмгөөлөл, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, түүнийг өмгөөлжээ. Ингэхдээ уг хэргийн гэрч Г.Т, хохирогч Н.О нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэрэгт холбогдсон байна.
Тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т заасан “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, зорилгоор ятгах гэмт хэргийг өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгчөөр ажиллах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сая төгрөгөөр торгожээ.
Давж заалдах шатны шүүх Д.Д гэрч, хохирогчтой уулзсан нь хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд саад болоогүй, бодитой хор уршиг учраагүй, шалтгаант холбоо байхгүй гэж үзсэн байна. “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив шинж тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэх сэдэл, санаа зорилго байсан, түүндээ хүрэхийн тулд хууль бус идэвх чармайлт гаргасан, түүнийг нь өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хуульд заасан эрх хэмжээ, хязгаараас хальсан үйлдэл хийсэн гэж дүгнэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй” хэмээн хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгажээ.
Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор үүнийг эсэргүүцэж, “Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэж, илт үндэслэлгүй шийдвэр гаргасан тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” хэмээн эсэргүүцэл бичжээ.
УДШ 2026.10.22-нд уг хэргийг хэлэлцээд, прокурорын эсэргүүцлийг хүлээн авлаа. Ямар тохиолдолд гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлсөн гэж үзэхийг Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлд тодорхойлсон байдаг аж. Энэ нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд үйлдэл хийснээр төгсдөг. Хохирол, хор уршиг шаардахгүй. Иймд УДШ давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “Д.Д-г өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа гэрч хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож” гэж өөрчлөн найруулж, бусад заалтыг хэвээр нь үлдээлээ.
