И-Монголиа цахим үйлчилгээний нэгдсэн сангаар “Оюутолгой” компанийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Засгийн газар санал асуулга явуулсан. Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан: “Иргэдийн олонх нь “Оюутолгой”-н ногдол ашгийг “Хуримтлалын сан”-д хадгалах санал гаргасан тул дэд бүтцэд зарцуулах саналаа татлаа” гэж өнөөдөр мэдээллээ. Одоогийн байдлаар цахим гарын үсгээр 97 мянга гаруй иргэн саналаа өгч “Оюутолгой”-н ногдол ашгийг “Хуримтлалын сан”-гаараа дамжуулан эрүүл мэнд, боловсрол, ипотектоо зарцуулъя гэсэн байна.
Саналаа өгсөн иргэдийн 30 орчим мянга нь “Эрчим хүчний дэд бүтцийн төсөл”-д зарцуулъя гэсэн санал өгсөн байна. Тиймээс санал асуулгын дүнг харж үзэн Засгийн газар хуулийн төслийг эргүүлэн татах шийдвэр гаргажээ.
