Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2-р хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч Г.Баатархүү зөрчлийн хэрэгт холбогдсон этгээдээс хэргийг нь нааштай шийдвэрлүүлж өгөхөөр 500.000 төгрөгийн хахууль шаардаж авчээ. Үүнийг АТГ шалгаж тогтоосон байна. Тус дүүргийн Прокурорын газар уг хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял оногдуулах санал гаргасан байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өнөөдөр хэлэлцэв. Тэрээр хүлээн зөвшөөрч, бусдаас нэхэж авсан хахуулийн мөнгөө буцаан өгч, хохирлыг барагдуулжээ. Хахуулийг хохирогч өөрөө санаачилгаараа өгсөн хэмээн тэрээр өөрт нь оноох эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхийг шүүхээс хүссэн аж. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр нь хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлав.
