Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал асан Ж.Энхжаргаланд холбогдох хэргийг АТГ шалгаж дуусжээ


“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргаланд холбогдох эрүүгийн хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс мөрдөн байцааж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар 2026.10.21-нд нийслэлийн Прокурорын газарт хүргүүллээ. АТГ түүний доорх үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1, 22.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан, мөрдөн шалгасан байна.

Ж.Энхжаргалан өөрт олгогдоогүй бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нэр бүхий ажилтнуудыг чөлөөлөх, томилох, ээлжийн амралт болон мөнгөн шагнал олгох, компанийг төлөөлөх, гэрээ байгуулах зэрэг шийдвэр гаргасан аж.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн албаны эрх нөлөөг ашиглаж “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг эрх бүхий албан тушаалтны тушаал шийдвэргүйгээр хууль бусаар хүлээн авчээ. Улмаар өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэнэ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд их хэмжээний ашиг олох нөхцөл бүрдүүлсэн байна. Сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 210 сая төгрөгийн өртөгтэй худалдан авах гэрээг шууд байгуулж, бусдад давуу байдал бий болгожээ. Өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардалд хууль бусаар 42.6 сая төгрөг шилжүүлэн, төрийн өмчид хохирол учруулсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *