Дархан-Уул аймгийн хүүхдүүдийн нэгдсэн чуулган өнгөрсөн 7 хоногт болсон юм. Уг чуулганаар хүүхдүүд тулгамдаж буй асуудлаа аймгийнхаа удирдлагуудад хэлжээ. Үүнийг тус аймгийн удирдлагууд хүлээн авч, эхнээс нь шийдэж байна.
Үүний 1 нь нийтийн тээврийн автобусаар хүүхдүүдийг үнэгүй тээвэрлэх асуудал байв. Суудлын машин 1 зорчигчийг 1500 төгрөгөөр тээвэрлэдэг. Нийтийн тээврийн автобус том хүнээс 500, хүүхдээс 300 төгрөг авдаг. Тэгвэл шатахуун хомсодсоны улмаас суудлын машинууд үйлчилгээний төлбөрөө 2500 төгрөг болгон, нэмжээ. Гэсэн ч хойд тосгон руу суудлын машин явахаа байсан аж.
Тиймээс Дархан-Уул аймгийн удирдлагууд “Элит хөгжил” компанид энэ асуудлыг уламжилж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 10 дугаар сарын 26-наас нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй тээвэрлэж эхэллээ. “Элит хөгжил” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сурагчдыг төлбөргүй зорчуулж байна.
