Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт оноосон 40 сая төгрөгөөр торгох ял хэвээрээ үлдлээ


Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгч өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга З.Энхболд нарт холбогдох хэргийг хэлэлцээд, тэдний хэргийг хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцүүлэхээс татгалзлаа. Учир нь шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг УДШ-ийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Тиймээс Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт давж заалдах шатны шүүхээс оноосон ял хэвээрээ үлдэж байна. Нийслэлийн Прокурорын газраас төлөвлөсөн ял:

  • Б.Энх-Амгаланд З.Энхболд нөлөөлсний улмаас БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Страто” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах нүүрс угаан баяжуулах үйлдвэр лүү З.Энхболдын хамаарал бүхий этгээдийн хувь эзэмшдэг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-иар нүүрс тээвэрлүүлж, говийн хөрсөн замаар хүнд даацын машинаар явуулсан.
  • Б.Энх-Амгалан хууль зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум чиглэлийн орон нутгийн чанартай, байгалийн цогцолбор газрыг дайран өнгөрөх 407 км шороон замыг улсын чанартай зам болгохоор “Авто замын ангилал шилжүүлэх” тушаал гаргасан.
  • Уг замыг хатуу хучилттай болгох нэрийн дор хууль зөрчиж “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д авто зам түр эзэмших эрх олгосон.
  • Ингэж “Страто”, “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д давуу байдал бий болгон, говийн шороон замаар ямар ч хориглолтгүйгээр нүүрс тээвэрлэх боломж олгосон.
  • Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн засаг дарга, нутгийн иргэд, холбогдох газруудаас орон нутгийн замд бодит байдлаар хяналт тавих, зохих арга хэмжээ авах эрхийг хязгаарлаж, дурын этгээд хүнд даацын тээвэрлэлтийг зохих стандарт, нормыг хэтрүүлэн, хяналтгүйгээр хийх боломж олгосон.
  • Олон салаа шороон зам гаргаж, тоосжилт үүсгэн, газрын хөрсийг эвдсэн. Малын бэлчээр устах, хүн, малын өвчин гарах, мал дайрах, малчдын өвөлжөө, хаваржаа, хашаа хороогоор ойр өнгөрснөөр иргэд, мал, амьтанд аюултай нөхцөл байдал үүсгэн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхийг хөндөж, байгаль, экологийн тэнцвэрт байдал алдагдах нөхцөл бүрдүүлж, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн.

Шүүх уг хэргийг 2024 онд хүлээн авч, анхан болон давж заалдах шатны журмаар хэд хэдэн удаа хэлэлцсэн. Ингээд 2026.04.13-17-ны хооронд 5 өдрийн хугацаанд 8536 хуудас, 36 хавтаст хэргийг шинжлэн судалсны эцэст шүүгдэгч Б.Энх-Амгалан, шүүгдэгч З.Энхболд нарыг авлига, албан тушаалын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жил хорих ял тус тус оноож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Тэгвэл давж заалдах шатны шүүх 2026.06.30-нд З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын эрүүл мэндийн байдал, үүнтэй холбоотой нотлох баримтыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасны дагуу ял шийтгэлийг хөнгөрүүлсэн.  

Учир нь тэдний үйлдсэн гэмт хэрэг 2017 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан шинжид хамаарна. Тухайн хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл нь нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жилээр хасаж, 10.000-40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хорих ял шийтгэхээр заажээ.

Ингээд тэдэнд анхан шатны шүүхээс оноосон нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг хэвээр үлдээж, харин 2 жил хорих ялыг 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *