Дарханы ДЦС-ын турбингенератор, зуухыг ашиглах норм дуусжээ


“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гэмтэл гарсан хэсгийн тоноглолыг тусгаарлаж, төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авчээ. Ийм аргаар уг станцын үйл ажиллагааг сэргээгээд байна. 4 зуух, 3 турбин 30 МВт-ын горимд ажиллаж, Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүлсэн аж.

Дархан, Сэлэнгийн цахилгааныг төвийн шугамаас хангахад Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цахилгаан доголдох, хүрэлцэхгүй болох асуудал үүснэ. Тиймээс “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д засвар хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг үнийн судалгаатай нь өнөөдөр 17:00 цаг гэхэд бэлэн болгохыг Шадар сайд даалгалаа.

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК жилд 446.9 сая кВт цахилгаан, 905 мянган Гкал дулаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай. Одоогоор дулааны хүчин чадлын 87 хувийг ашиглаж, 13 хувийн нөөц үлджээ. Дархан хот тэлж, олон барилга, орон сууц баригдан, цахилгаан, дулааны хэрэглээ нэмэгдэж буй. 2027 онд дулааны хэрэглээ 893.5 мянган Гкал болж, үйлдвэрлэлийн дээд хязгаарт хүрэх тооцоо гарсныг тус компанийн гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан өнгөрсөн хавар сэтгүүлчдэд танилцуулж байв.

Тус станцын турбингенератор 1-4-ийг 288-359 мянган цаг ажиллуулжээ. Гэтэл үүнийг 120 мянган цаг ажиллуулах нормтой. Үүнийг 2-3 дахин хэтрүүлээд байгаа аж. 1-9 дүгээр зуухаа 100-243 мянган цаг ажиллуулж буй. Зуухыг 100 мянган цаг ажиллуулах нормтой. Норм нь бас л хэтэрчээ. Иймээс тус станц үндсэн тоноглолоо шинэчлэх шаардлагатай байгаа аж. Цаашид хурц уур, тэжээлийн усны коллекторыг шинэчлэх, хөргөх цамхаг шинээр барих, бульдозер худалдан авах, үнсэн сангаа ашиглах, зууханд их засвар хийх шаардлагатай байгаа. Үүний зэрэгцээ шинэ ДЦС барих хэрэгтэй байгаа юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *