Б.Мөнхтамир: Гадаадаас сард авдаг шатахууны хэмжээг нэмж, 92.000 тн шатахуун захиалсан


Шатахууны шуурхай штаб цаг үеийн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир:

-ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрт 2026 оны 10-р сард 57 мянган тонн бүтээгдэхүүн захиалсан. Үүнээс 51 мянган тонныг манай улс руу ачуулаад байна. Одоо төмөр замаар 5700 тонн шатахуун тээвэрлэн авчирч байна. Үүгээр 10-р сарын захиалга бүрэн биелэж байна.

БНХАУ-д захиалсан 8000 тонн бензинийг бүрэн оруулж ирсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 бензиний 10 хоногийн, дизель түлшний 28 хоногийн, онгоцны түлшний 36 хоногийн нөөцтэй байна.

Манай улс гадаадаас сард авдаг шатахууны хэмжээгээ 11-р сард нэмэн, нийт 92 мянган тонн шатахуун захиалсан. Үүнийг ангилбал:

  • ОХУ-аас 70 мянган тонн,
  • БНСУ-аас 12 мянган тонн,
  • БНХАУ-аас 8000 тонн,
  • Казахстанаас 3000 тонн шатахуун авахаар захиаллаа.

Энэ нь Монгол Улсын ердийн үеийн сарын дундаж хэрэглээнээс 20 орчим мянган тонноор илүү. Иймд шатахууны нийлүүлэлт энэ сард тасалдахгүй. Иргэд дараалал үүсгэж, шатахуун нөөцлөх шаардлагагүй.

Шатахууны нөөц хадгалах савны багтаамжийг нэмэгдүүлэх чиглэлээр “Шинэ-Эрин” компанийн барьж буй 16 мянган шоо метр багтаамжтай байгууламж ашиглалтад ороход бэлэн болоод байна. Цаашид дотоодод дор хаяж гурван сарын нөөц хадгалах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Шатахууны нийлүүлэлт саатахад нөлөөлж буй нэг шалтгаан нь вагон тээврийн эргэлттэй холбоотой. Өнөөдрийн байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн сүлжээнд шатахуунтай 1500 орчим вагон байна. Улаанбаатар хот орчимд 200 орчим вагон буюу 7-8 хоног хэрэглэх шатахуун бэлэн байна.

10, 11-р сард зуны түлшнээс өвлийн түлшинд шилждэг. Одоо өвлийн түлшний нөөц хангалттай бүрдсэн. Иймээс шатахуунтай вагонуудыг нэн яаралтай буулгаж, хоосон вагоныг ОХУ руу буцаан, вагон эргэлтийг түргэсгэх шаардлагатай байгаа. Энэ чиглэлээр УБТЗ болон Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газраар дамжуулан, Оросын төмөр замын байгууллагатай хамтран ажиллаж байна.

Шуурхай штабаас байгуулсан ажлын хэсэг буюу ШӨХТГ, АҮЭБЯ-ны Хяналтын газар, АМГТГ, нийслэлийн ЗДТГ хамтран ШТС-уудад тогтмол хяналт шалгалт хийж байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *