Сургууль, цэцэрлэгүүдийн барилга түрээслэхэд 11.6 тэрбум төгрөг баталжээ


“Гэрт ойрхон сургууль-Хамгийн сайн сургууль” арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд ачаалал нь хэтэрсэн сургуульд суралцдаг 60 мянган хүүхдийн суралцах орчин сайжирсан. “Хотхоны бага сургууль” зорилтын хүрээнд 21 жишиг бага сургуулийг 9 дүгээр сарын 1-ний дотор амжиж, үйл ажиллгаагааг нь эхлүүлж, 1-2 дугаар ангийн 243 бүлгийн 8637 сурагч хамрагдсан. Хотхоны сургуулийн нэг бүлгийн хүүхдийн тооны дээд хязгаар 36 байгаа нь маш сайн үзүүлэлт” гэж УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдөр (2026.11.03)-ийн хуралдаанд Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Энэ жил хотхоны 21 сургууль байгуулжээ. Үүний 5 нь цөөн хүүхэдтэй төрийн өмчийн цэцэрлэгийн байранд оруулсан байна. Өмнө нь олон жил цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлж ирсэн байрандаа 12-ыг нь байгуулсан аж. 4 сургуулийг нь өөр зориулалттай ч сургалтын зориулалтаар ашиглах боломжтой барилгад байгуулсан байна.

Нийслэлд 3000-аас дээш хүүхэдтэй 45 сургууль байсныг энэ жил задалжээ. 200-гаас доош сурагчтай 12 жилийн сургуулийг дахин төлөвлөжээ. Нийслэлд 5, аймаг бүрт 1 сургуулийг төрөлжсөн ахлах сургууль болгосон байна.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан:

-3 ээлжээр хичээллэдэг явдлыг халахаар зорьж, нийслэлийн 46-аас дээш хүүхэдтэй 1089 бүлгийн ачааллыг 80 хувиар бууруулаад байна. Сургуулиудыг 3 ээлжээр хичээллэхгүй байх зохицуулалтуудыг үе шаттай хийж байна. Түрээсийн байр бол шинэ сургууль барих хүртэл ачааллыг хамгийн бага зардлаар бууруулах, төсөвт хамгийн бүтээмжтэй, зөв шийдэл гэж харсан.

Хотхоны бага сургуульд суралцаж буй 8637 хүүхдийн асуудлыг шинэ барилгаар шийдэхээр болбол 640 суудалтай 13 сургууль, дээр нь тавилга тоног төхөөрөмж, урсгал зардлыг нь тооцвол жилд 350 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдана. Үүнийг 13.9 тэрбум төгрөгөөр л шийдье гэдэг санал оруулсан. Энэ бүх шийдвэрийг УИХ, Засгийн газрын шийдвэрт үндэслэж гаргасан.

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол батлагдаагүй байхад түрээсийн гэрээ хийсэн тухай асуудал хөндөгдсөн. Энэ оны улсын төсөвт боловсролын сайдын багцад сургууль, цэцэрлэгүүдийн барилга түрээслэх зардалд нийт 11.6 тэрбум төгрөг батлагдсан. Тийм учраас та бүхэн нэг зүйлийг ойлгох ёстой. Хичээлийн шинэ жил, санхүүгийн жил хоёр зөрдөг. Тийм учраас энэ жил хотхоны 21 бага сургуулийн гэрээг хийхэд, урьдчилсан байдлаар 5-ыг нь түрээс төлөхгүй төрийн цэцэрлэгийг ашиглах, 14-ийг нь цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлж байсан гэрээг сунгаад, хотхоны бага сургууль болгосон. Үүн дээр төрөлжсөн ахлах сургууль гээд нийт 40 сургууль дээр гэрээ хийсэн. Гэхдээ төсөв батлагдаагүй байхад дур мэдэж гэрээ хийгээгүй. Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлсэн. Мөн өнөөдөр гэрээ хийсэн, үргэлжлүүлж буй 40 сургууль руу 1 ч төгрөг шилжээгүй.

2026 оны төсвийн хүрээнд Боловсролын сайдын багцад батлуулсан түрээсийн гэрээний үнийн дүнд тохируулаад, төсвийн тодотголд хотхоны бага сургууль байгуулахад 13.9 тэрбум төгрөг дутна. Тиймээс төсвийн тодотголд санал гаргасан. Харамсалтай нь төсвийн тодотголын үеэр энэхүү 13.9 тэрбум төгрөг татагдсан.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-2026 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэх үед “Гэрт ойрхон сургууль-Хамгийн сайн сургууль” арга хэмжээнд төсөвлөсөн 50 тэрбум төгрөгийн асуудалд зарчмын зөрүүтэй санал гаргасан. Санал гаргасан шалтгаан гэвэл Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуультай холбоотой, ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй гэдэг мэдээлэл хэвлэлээр нийтлэгдсэнтэй холбоотой. Үүнд салбарын яамнаас тодорхой хариулт өгч чадаагүй. 50 тэрбум төгрөгийн задаргаа нь тодорхойгүй байсан. Иймд салбарын яам УИХ-д энэ талаар ойлгомжтой танилцуултал уг зардлыг төсвийн тодотголоор батлах шаардлагагүй гэж үзсэн.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан сайд:

-8637 хүүхэд гэрийнхээ дэргэд сурах орчноор хангагдсан нь маш сайн үр дүн. Хэрэв энэ арга хэмжээг хэрэгжүүлээгүй байсан бол нэг бүлэг 60-70 хүүхэдтэй, эцэг эх нь хүүхдээ сургууль руу машинаар зөөдөг, сургууль руу ирж, очих хугацаанд хүүхэд ядардаг асуудал байсаар байна. Тиймээс эцэг, эхчүүд энэ арга хэмжээний үр дүнд сэтгэл хангалуун байгаа.

Бид татвар төлөгчид, төсвийн хөрөнгөнөөс 1 ч төгрөг хууль бусаар зараагүй. Ирэх жил нийслэлд 50 сургуулийг “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрт хамруулж, улсын хэмжээнд 50-60 төрөлжсөн ахлах сургууль байгуулж чадвал боловсролын салбарт томоохон шинэчлэл болно.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *