“Apple”-ийн орлого, ашиг Уолл Стритийн таамгийг давлаа


“Apple” компани 11 дүгээр сарын 2-нд санхүүгийн IV улирлын орлого, ашгаа танилцуулж, Уолл Стритийн шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт гаргалаа. Үүнд “iPhone 18 Pro” загварын эрэлт болон бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Мөн санах ойн чипийн үнэ өссөнөөс үүдэх зардлын дарамтыг үнийн өөрчлөлтөөр хэсэгчлэн нөхсөн байна.

Тус компанийн IV улирлын борлуулалтын орлого 114.48 тэрбум ам.доллар хүрсэн нь шинжээчдийн 113.39 тэрбум ам.долларын таамгаас өндөр байв. Нэгж хувьцаанд ногдох ашиг 2.10 ам.доллар болж, тарифын буцаан олголтын нөлөөг хассан ч шинжээчдийн 1.99 ам.долларын таамгийг давжээ.

Шинэ бүтээгдэхүүн, борлуулалтын стратеги

“Apple”-ийн шинэ гүйцэтгэх захирал Жон Тернус 9 дүгээр сард албан тушаалаа хүлээн авснаас хойш компанийн бүтээгдэхүүн гаргах стратегид өөрчлөлт оруулж байна. Өмнө нь шинэ” iPhone” загваруудаа ихэвчлэн намар зэрэг танилцуулдаг байсан бол энэ жил “iPhone Pro” болон “Duo” загваруудыг эхлүүлж, бусад загварыг ирэх онд гаргахаар төлөвлөжээ.

Мөн “Apple” анхны мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютер болон ухаалаг гэрийн төв төхөөрөмжөө танилцуулсан байна. Шинжээчдийн үзэж буйгаар бүтээгдэхүүнээ жилийн турш үе шаттай гаргах нь борлуулалтыг жигд хуваарилж, баярын улирлын орлогоос хэт хамаарах байдлыг бууруулах зорилготой.

“Apple”-ийн анхны эвхэгддэг утас болох “iPhone Duo” худалдаанд гарснаас хойш хэдхэн цагийн дотор онлайн худалдаагаар дуусаж, дэлгүүрүүдийн өмнө урт дараалал үүсгэсэн. Гэвч хэрэглэгчид дэлгэц нь цуурсан тухай гомдол гаргасан нь компанийн хувьд асуудал болоод байна.

iPhone болон Mac-ийн борлуулалт өсөв

“iPhone”-ийн борлуулалт IV улиралд 57.58 тэрбум ам.доллар хүрч, шинжээчдийн 56.54 тэрбум ам.долларын таамгийг давжээ. Энэ дүнд “iPhone 18 Pro” загварууд багтсан боловч “iPhone Duo”-ийн борлуулалт ороогүй байна.

Mac компьютерын борлуулалт 10.79 тэрбум ам.доллар болж, шинжээчдийн 9.61 тэрбум ам.долларын таамгаас өндөр гарлаа. Харин үйлчилгээний орлого 31.57 тэрбум ам.доллар болж, таамагтай бараг тэнцжээ.

“iPad”-ийн борлуулалт 6.23 тэрбум ам.доллар, зүүдэг төхөөрөмж болон дагалдах хэрэгслийн борлуулалт 8.30 тэрбум ам.доллар болж, аль аль нь шинжээчдийн хүлээлтээс доогуур байв.

Санах ойн чипийн үнийн өсөлт дарамт болж байна

Хиймэл оюуны технологийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор санах ойн чипийн үнэ өсөж байгаа нь “Apple”-ийн зардалд дарамт учруулж байна. Өмнөх гүйцэтгэх захирал Тим Күүк үнийн өсөлтийг “100 жилд нэг тохиох үер”-тэй зүйрлэж байжээ.

“Apple iPhone 18 Pro” загвараа гаргахын зэрэгцээ “iPhone 17”-ийн зарим загварын үнийг 100 ам.доллароор, “MacBook”-ийн зарим загварын үнийг мөн нэмсэн байна. Ингэснээр чипийн үнийн өсөлтөөс үүдэх зардлыг нөхөхийг зорьжээ.

Компанийн нийт ашгийн маржин 47.9 хувь болж, шинжээчдийн 47.5 хувийн таамгийг давсан байна. Харин шинэ хиймэл оюунд суурилсан “Siri” үйлчилгээний зардал цаашид ашигт ажиллагаанд хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж байна. Жон Тернусын мэдээлснээр “Siri” өдөрт 2.5 тэрбум хүсэлт хүлээн авч байгаа аж.

Эх сурвалж: Reuters, LSEG


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *