Иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төсөл болон Засгийн газраас боловсруулсан төслийг нэгтгэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр өнөөдөр Засгийн газар шийдвэрлэв. УИХ-ын гишүүн А.Ганбаатар уг хуулийн төслийг энэ оны 5 дугаар сараас эхлэн боловсруулж, 9 дүгээр сарын 11-нд D-Parliament цахим хуудсаар олон нийтийн санал авч, Засгийн газарт хүргүүлээд байсан юм.
Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх О.Батхүү E-Zasag.mn системээр гараашийн татвар цуцлуулах санаачилга гаргаж, 20 хоногт 100 гаруй мянган иргэн дэмжсэн. Иймд Засгийн газраас уг асуудлаар хуулийн төсөл боловсруулах шийдвэр гаргасан юм. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын нэгийг үл хөдлөх хөрөнгийн татвараас бүрэн чөлөөлөхөөр уг төсөлд тусгаж байна.
Эрс тэс уур амьсгалтай манай улсад гарааш бол тансаг хэрэглээ биш, өрхийн ахуйн хэрэгцээ тул татвараас чөлөөлөх шаардлагатай байгаа юм.
Хуулийн төслийг нэгтгэн УИХ-д албан ёсоор өргөн мэдүүлсний дараа холбогдох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгүүд хийгдэнэ.
