Нийслэлийн засаг дарга, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ-ыг “О” НҮТББ шүүхэд өгчээ. Нийслэлийн засаг даргын 2022.01.11-нд захирамж гаргаж, Дунд голын сав дагуу “Э” ХХК-д газар өгчээ. Уг газрыг хэн нэгэнд эзэмшүүлж болохгүй, нийтээр ашиглах газар гэж тус байгууллага үзсэн байна. Нийтээр ашиглах газрыг хуулийн этгээдэд эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийг ноцтой зөрчиж, нийслэл хотын оршин суугчдын тус газрыг нийтээрээ ашиглах эрхийг зөрчсөн аж.
Усны тухай хуулийн 22.2-д “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-т онцгой хамгаалалтын бүсэд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж заасан. Гэтэл нийслэлийн засаг дарга Усны тухай хуулийн тус заалтыг зөрчиж, орон сууцны барилга бариулах зориулалтаар газар эзэмшүүлжээ.
Иймд нийслэлийн засаг даргын 2022.01.11-ны өдрийн дугаартай 4.7 га газарт худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууц зориулалтаар газар эзэмших эрх олгосон А/17 тоот шийдвэр, 2022.01.11-ний өдрийн дугаартай 2.9 га газарт худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууц зориулалтаар газар эзэмших эрх олгосон А/17 тоот шийдвэрүүд Усны тухай хууль, Газрын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн, мөн өөрийн шийдвэрүүдийг зөрчиж байх тул Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг хүчингүй болгуулахаар тус байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан. “Э” ХХК-д анх газар ашиглуулах эрх олгосон 2008 оны 442 тоот захирамж болон газар ашиглах эрхийг эзэмших эрх болгож өөрчилсөн 2013 оны А/951 тоот захирамжид тус тус холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Шүүх эдгээр захирамжийн хууль ёсны эсэхэд дүгнэлт өгөхгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
“Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нийслэлийн засаг даргын 2020 оны А/1155 дугаартай захирамж болон газрын зориулалтыг өөрчилсөн нийслэлийн засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамж өөр өөр цаг хугацаанд гарсан захиргааны актууд боловч үерийн далан баригдсанаар усны онцгой хамгаалалтын бүсэд маргаан бүхий газар хамаарахгүй талаар дүгнэсэн 2021 оны 0147 тоот шүүхийн шийдвэрийн үндэслэл нь энэ захиргааны хэргийн маргаж буй үйл баримттай ижил агуулгатай гэж үзэхээр байна.
Маргаан бүхий газар нь усны онцгой хамгаалалтын бүс тогтоох газарт хамаарахгүй болох нь дээрх шүүхийн шийдвэрээр нотлогдсон байна. Захиргааны байгууллагыг “Э”ХХК-д усны онцгой хамгаалалтын бүсэд орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй.
Усны эх үүсвэр, эрүүл ахуйн бүс, хамгаалалтын бүсэд хот байгуулалтын үйл ажиллагааг хязгаарлана. Харин маргаан бүхий газар нь хамгаалалтын бүсэд хамаарахгүй талаар 2021 оны 0147 тоот шүүхийн шийдвэрээр нэгэнт дүгнэсэн. Маргаан бүхий газрын урдуур урсаж буй Дунд гол нь гол мөрний урсац бүрэлдэх эх болон рашаан бүхий газарт хамаарахгүй тул хот байгуулалтын үйл ажиллагааны хязгаарлалтад мөн хамаарахгүй.
Маргаан бүхий 2022 оны А/17 тоот захирамж нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор түүнд үндэслэж гараагүй. Харин хариуцагч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд газрын зориулалтыг өөрчилж орон сууцны зориулалтыг нэмсэн нь гуравдагч этгээдэд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр биш тул нэхэмжлэгчийн газар олголт, барилгажилтын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нийслэлийн засаг дарга түдгэлзүүлсэн атал өөрөө зөрчсөн гэх тайлбар нь үндэслэлгүй. Мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх цаг хугацаанд гуравдагч этгээдэд олгосон барилгын ажлын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгаврын хүчинтэй байх хугацаа дууссан. Энэ тохиолдолд нэгэнт эрх зүйн үйлчлэлгүй болсон захиргааны актуудыг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй.
Захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон нөхцөлд шүүх тухайн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг сэргээх ба энэ тохиолдолд маргаан бүхий А/17 тоот захирамж нь хууль бус байсан болох нь тогтоогдохгүй байна. Түүнийг үндэслэж гарсан барилгын ажлын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг тус тус хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ.
Ингээд тус байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Давж заалдах шатны шүүх:
“Э” ХХК-ийн орон сууцны хотхон барьж буй маргаан бүхий газар нь 2008 оны Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд “Засгийн газрын “40000 айл орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд орон сууцны хороолол баригдах”-аар төлөвлөгдсөн болох нь Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025.11.11-ны 01/**** дугаар, мөн Газар зохион байгуулалтын албаны 2025.11.25-ны өдрийн 01-05/**** дугаар албан бичгээр ирүүлсэн “…Х дүүргийн ** дугаар хороонд байрлах “Э” ХХК-ийн эзэмших газар нь нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2008.03.10-ны өдрийн “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл зөвшөөрч батлах тухай” ** дугаар тогтоолд орон сууцны бүсчлэлд хамаарч байна” гэх тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өнөөдрийн маргаан бүхий нөхцөл байдал үүсэх болсон шалтгаан нь 2023 оны зун Улаанбаатар хотод хур бороо ихээр орж, хотын орчмын гол ус (Сэлбэ, Дунд гол) үерлэн (Дунд голын голдирлыг өөрчилсөн гэх), улмаар Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл мэнд, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, нийтийн болон хувийн эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл үүсгэсэн тул тухайн үед нийслэлийн засаг дарга, холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагууд дээрх эрсдэл бүхий нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох арга хэмжээ авч ажилласан болох нь нийтэд илэрхий үйл баримт болно.
Усны онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, зуслан, суурьшлын бүс байгуулахыг хориглосон байх бөгөөд гол усны эргээс 50 метрээс доошгүй зайд онцгой хамгаалалтын бүс тогтоох ба усны ундарга, нөөц хомсдох, бохирдохоос хамгаалах, үер усны аюул, иргэдийн амь нас, нийтийн болон хувийн эд хөрөнгөд хохирол учрах эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, хамгаалах зорилгоор онцгой хамгаалалтын бүс тогтоодог байна.
Цаг хугацааны хувьд Засгийн газрын хэрэгжүүлэх “40000 айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд гуравдагч этгээдэд өөрийн хөрөнгө оруулалтаар орон сууцны барилга барихад зориулан Нийслэлийн Засаг даргын 2008 оны *** дугаар захирамжаар Х дүүргийн нутаг дэвсгэрт 11.8 га газрыг ашиглуулах, 2018 оны А**** дүгээр захирамжаар 118,000 м2 газрыг 3 нэгж талбарт хувааж, I) 29444 м2 газрыг үйлчилгээ, II) 79875 м2 газрыг үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор, III) 2642 м2 газрыг үйлчилгээ зориулалтаар тус тус эзэмшүүлэх шийдвэр гарах үед Газрын тухай хуульд “усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглох” зохицуулалт байгаагүй байжээ.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг буюу “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмж, хүчин төгөлдөр мөрдөгдсөн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах”, уг заалтын тайлбар хэсэгт “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно …” гэж заасан. Энэ тохиолдолд нийтийн эрх ашиг (гэрээ байгуулсан хэсэг, бүлэг иргэд) болон “Э” ХХК-ийн хувьд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх үр дагавар үүсгэж байх тул тэдний “хууль ёсны итгэлийг хамгаалах” нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Учир нь, гуравдагч этгээд нь төрийн буюу захиргааны байгууллагаас олгосон хүчин төгөлдөр зөвшөөрөл (маргаж буй актууд)-ийн үндсэн дээр “********” хотхоны эхний ээлжийн орон сууцны цогцолборын барилгын ажлыг эхлүүлсэн, уг барилгуудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн болох нь бодитой, цаашид ч хөрөнгө оруулалт төлөвлөсөн, мөн уг орон сууцанд захилга өгсөн иргэдийн буюу нийтийн эрх ашиг (төрийн үйл ажиллагаанд итгэсэн-тусгай зөвшөөрөл) хөндөгдсөн, үр дагавар үүсгэж байгаа зэрэг нөхцөл байдлуудын улмаас “хууль ёсны итгэл хамгаалагдах” нөхцөл бий болсон гэж үзэхээр байна.
Тиймээс нийслэлийн засаг даргын 2022 оны А/** тоот захирамжийн “Э” ХХК-д холбогдох нэгж талбарын 1780610*** дугаар газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд (7844 м2 газар) давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
Нэгэнт олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгаврын давхацсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байхаас гадна хууль зүйн хувьд боломжгүй.
Харин ХТХ2022/00-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар бүхий нэгж талбарын 1780610*** дугаар газар дээр одоогоор барилгын ажил хийгдээгүй байгаа энэ тохиолдолд 29,016 м2 газраас усны онцгой хамгаалалтын бүсэд давхцаагүй үлдэх хэсэгт хариуцагчаас архитектур төлөвлөлтийн даалгаврыг дахин олгох нь зүйтэй гэж үзэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 81 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.4, Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” НҮТББ-ын гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, нийслэлийн засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/** дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийн нэгж талбарын 1780610***, 1780610*** дугаар газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгов.
Нийслэлийн засаг даргын 2022.01.11-ний өдрийн А/** тоот захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийн нэгж талбарын 1780610*** дугаар газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2022.03.23-ны өдрийн ХТХ2022/00-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавраар баригдаж буй барилгын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг, 2022.06.30-ны өдрийн 10**/20** дугаар Магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг, 2022.07.07-ны өдрийн 0**/20** дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмэв.
2 дахь заалт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “О” НҮТББ-ын гаргасан “хариуцагч Нийслэлийн ерөнхий архитектор дахин шинэ акт гаргах хүртэл 2022.03.23-ны өдрийн ХТХ2022/00-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 6 (зургаа) сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй” гэж нэмлээ.
3 дахь заалт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн ерөнхий архитектор шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд 2022.03.23-ны өдрийн ХТХ2022/00-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болохыг дурдсугай” гэж нэмэв.
Тогтоох хэсгийн “2” дахь заалтыг “4” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “О” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Ө.Э, Удирдах зөвлөлийн дарга Ш.А нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Улсын дээд шүүх:
Нийслэлийн засаг даргын 2022.01.11-ний өдрийн А/** дугаар захирамж нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна. Уг хуулийн дээрх зүйл заалтыг зөрчин, усны онцгой хамгаалалтын бүсэд ямар нэг газар эзэмших эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгох зэрэг хууль зөрчсөн шийдвэрийг цаашид гаргахгүй байхыг үүрэг болгох, нийтийн онцгой ашиг сонирхол байгааг дурдаж, уг захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийн нэгж талбарын 1780610*** дугаар газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг давж заалдах шатны шүүх хангахгүй орхисныг хангасан өөрчлөлт оруулж, магадлалын бусад шийдэл нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байна гэж үзээд, хэвээр нь үлдээлээ. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, “Э” ХХК нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгов.
