Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар холбогдох албан тушаалтнаас тодрууллаа.
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар:
-Иргэдэд хүндрэл учруулдаг хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарын 20 төрийн албан хаагчид хариуцлага тооцож шалгуулахаар Засгийн газарт танилцууллаа. Ямар ямар асуудал гарсныг ЗГ-т танилцууллаа.
ХХААХҮЯ, түүний харьяа 2 агентлагт манайхаас шалгалт хийсэн. Чингэлтэй дүүрэг, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Баянхонгор аймаг, Газар зохион байгуулалт, геодез зурагзүйн газар, ЭМЯ-ны зөвшөөрөлтэй холбоотой удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох санал гаргасан. Холбогдох албан тушаалтнууд нь эдгээр албан хаагчдадаа хариуцлага тооцож, 14 хоногийн дараа ЗГ-т танилцуулахаар боллоо.
-Ямар зөрчил илрүүлсэн бэ?
-Иргэн, аж ахуйн нэгж цахимаар баримт материалаа өгсөн байхад төрийн албан хаагч оройн цагаар иргэд рүү дугаараа нууцалж “Би тэр байна. Уулзъя” гэдэг нь ямар учиртай юм. Тэр албан хаагчдыг тодруулсан. Ингэж ил далдуур иргэд, аж ахуйн нэгжүүдэд чирэгдэл учруулж байгаа төрийн албан хаагчидтай тэмцэнэ. Бэлэн мөнгө хурааж авсан, өөрөө зөвшөөрөл өгөх байтал доод албан тушаалтнаар зөвшөөрөл өгүүлсэн, бэлэн мөнгө авсан, Зөвшөөрлийн нэгдсэн санд мэдээллээ нийлүүлээгүй, 5-8 төрлийн бичиг баримт шаардах байтал 10 гаруй баримт шаардсан зэрэг зөрчил гаргасан.
-Бэлэн мөнгө авсан төрийн албан хаагчдыг АТГ-т шилжүүлж байгаа юу?
-Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн наадмын үеэр хуушуур гэх мэт худалдаа үйлчилгээний зөвшөөрөл өгөх нэрээр 54 сая төгрөгийн хахуул авсан хэргийг АТГ-т өгсөн. Иргэдэд зөвшөөрөл олгохдоо 460 мянгаас 1.4 сая төгрөг бэлнээр авсан байна. Үүнийг АТГ-т шилжүүлсэн.
-Дараагийн шалгалтаа хаана хийх вэ?
-Өнөөдөр Баянгол дүүрэгт хийж байна. Энэ 7 хоногт шалгалтаа дуусгаад, дараагийн байгууллагыг шалгана.
-Ямар байгууллагуудыг шалгаж байгаа юм бэ?
-Иргэдээс ирсэн гомдол, 1111 төвд ирсэн мэдээлэл, ЭЗХЯ-наас тодорхой зөвшөөрөлтэй холбоотой мэдээллээ цагт нь ирүүлээгүй, нуун дарагдуулж байж болзошгүй гэх мэт үндэслэл, мэдээлэлд тулгуурлан шалгаж байгаа.
Төрийн албан хаагчид зөвшөөрөл хүссэн өргөдөлд “Хүсэлтийг буцаав” гэдэг л хариу өгч байна. Юу нь болохгүй байгааг иргэнд эргээд тодорхой мэдээлэх ёстой. “Хүсэлтийг буцаав” гээд сууж байж болохгүй.
