Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын Хөгжлийн санхүүжилтийн хэлтсийн дарга Б.Ганзориг “Монгол Улс 1990 оноос хойш нийт 10.4 тэрбум ам.доллар гадаадаас зээлж, өнөөдрийн байдлаар 6.6 тэрбум ам.долларыг нь ашиглаад байна. Одоо 3.8 тэрбум ам.долларын санхүүжилттэй төслүүд хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд гадаад зээлийг шилжилтийн үеийн эдийн засгийг дэмжих, дэд бүтэц байгуулах, өсөлтийг хангах чиглэлээр ашиглаж ирсэн бол сүүлийн жилүүдэд Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг томоохон төсөлг санхүүжүүлэхэд төвлөрч байгаа.
2006-2026 онд нийт 221 төсөл хэрэгжсэнээс 147 нь дуусаж, 74 төсөл үргэлжилж байна. Үүнийг гадаадаас зээлсэн 19.2 ихнаяд төгрөгөөр санхүүжүүлсэн. 2017-2019 оноос эхлэн, ашиглалтын хэмжээ эрс нэмэгдсэн. Энэ нь томоохон төслүүд хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоо” гэж УИХ-ын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр хийсэн “Төрийн худалдан авах ажиллагаа (2006-2026 он)” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдод танилцууллаа.
Гадаадаас зээлсэн мөнгөөр хэрэгжүүлдэг төслүүдийн худалдан авах ажиллагааг хөгжлийн түнш байгууллагуудын дүрэм, журмын дагуу явуулдаг. Гэрээ байгуулахын өмнө тухайн байгууллагаас заавал зөвшөөрөл авдаг онцлогтой. Гэсэн ч төслийн бэлтгэл хангалтгүй, газар чөлөөлөх, зураг төсөв, зөвшөөрөл бүрэн шийдэгдээгүйгээс худалдан авах ажиллагаа удааширч, төсөл хэрэгжихгүй саатах нөхцөл үүсдэг байна.
Гадаадын зээлээр санхүүжүүлж буй төслүүдийн хэрэгжих дундаж хугацаа 5 жил, зарим тохиолдолд гүйцэтгэгч шалгаруулахад 8 жил зарцуулжээ. Аийн хөгжлийн банкны үнэлгээгээр Монгол Улс төслийн бэлэн байдлын үзүүлэлтээр “Бүс нутагтаа хамгийн сул” гэж үнэлэгджээ. Энэ нь бэлтгэлээ хийлгүй, төслөө эхлүүлж байгаатай холбоотой аж.
Эдгээр хүндрэлийг багасгах зорилгоор Сангийн яам урьдчилсан худалдан авах ажиллагааны журам баталж, төслийн бэлтгэлийг эрт шатанд хангах, төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийг нэгтгэж бүтэц, урсгал зардлыг оновчлох, хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системийг нэвтрүүлэх зэрэг шинэчлэл хийж байгаа гэнэ.
