УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр (2026.11.17) Засгийн газраас 2026.10. 07-нд өргөн мэдүүлсэн Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Уг төслийн талаар Сангийн сайд З.Мэндсайхан “Зорилго нь хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг бүрдүүлэхэд төсвийн хөрөнгө оруулалтын төслийн төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналт болон хөрөнгийн удирдлага, ашиглалтыг ил тод, үр ашигтай хэрэгжүүлэхтэй холбогдуулан, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын эрх зүйн нэгдмэл орчныг бүрдүүлэхэд оршиж байна.
Төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой тулгамдаж буй асуудлууд энэ хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг бүрдүүлж байна. 2016-2025 онд улсын төсвийн хөрөнгөөр 2874 төсөл хэрэгжүүлэхээр баталсан. Үүний 42.5 хувь буюу 1219 төслийн төсөвт өртөг нэмэгдсэн. 3 төсөл тутмын 1 нь хугацаагаа сунгаж ашиглалтад орж байна. Төсөл батлагдсаны дараа зураг төсөл өөрчлөгдөх, төсөвт өртөг нэмэгдэх, санхүүжилтийн эх үүсвэр давхардах, барилга барьсан ч тоног төхөөрөмж, ашиглалтын зардал шийдэгдээгүй байх зэрэг асуудал түгээмэл байна.
Үүний гол шалтгааны нэг нь төсвийн хөрөнгө оруулалтын бүх үе шатыг олон хууль тогтоомж, журмаар салангид зохицуулж байгаатай холбоотой болохыг тогтоосон” гэж танилцууллаа.
1-рт, Хөрөнгө оруулалтын бүх эх үүсвэрийг нэг замын зураглалд оруулахаар болжээ. Өнөөдөр улс, орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, гадаад зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэл зэрэг эх үүсвэрээр хэрэгжих хөрөнгө оруулалтын төслүүдийн зохицуулалт харилцан адилгүй хэрэгжиж байгаа аж.
2-рт, төслийн онцлогоос хамаарч ялгаатай зохицуулалт, шаардлага тавьж, хэрэгжилтийг үр ашигтай болгоно. Энэ хүрээнд 5 тэрбум төгрөг хүртэлх төслийг жижиг, 5-20 тэрбум төгрөгийн төслийг дунд, 20-100 тэрбум төгрөгийн төслийг том, 100-350 тэрбум төгрөгийн төслийг хөгжлийн, 350 тэрбум төгрөгөөс дээш төслийг мега гэж ангилна. Төслийн ангиллаас хамаарч, бэлтгэх ажиллагаа, техник эдийн засгийн үндэслэл, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол, эрсдэлийн үнэлгээний шаардлага харилцан ялгаатай байна. Жижиг төслийг хэт хүндрүүлэхгүй, харин том төсөлд илүү өндөр хариуцлага хүлээлгэнэ.
3-рт, Төслүүдийг бодит хэрэгцээ болон үр өгөөжөөр эрэмбэлнэ. Төсөл төлөвлөх, эрэмбэлэх үйл явцыг шаталсан үнэлгээтэй болгож, 1 төслийг 4 шаттай үнэлгээгээр төлөвлөж, төсвийн төсөлд тусгагддаг болно. Сум, аймаг, салбарын яам, Сангийн яам гэсэн 4 шат дамжин, үнэлгээ хийх юм байна.
4-рт, Бэлтгэлээ бүрэн хангаагүй төслийг төсөвт тусгадаг явдлыг зогсоож, хуулиар хязгаарлана. Барилга, байгууламжийн төсөл батлагдсан зураг төсөл, төсөв, норм нормативд нийцсэн төсөвтэй байх бол хөгжлийн болон мега төслийг ТЭЗҮ-тэй төлөвлөнө. Уг төслийн нийгэмд үзүүлэх ач холбогдол, эдийн засгийн үр ашиг, нийт зардал, цаашид ашиглахад гарах зардлыг урьдчилан тооцож, хамт төлөвлөхийг шаардана. Ингэснээр барилга ашиглалтад орсны дараа тоног төхөөрөмжгүй, ашиглалтын зардалгүй үлддэг асуудлыг төлөвлөлтийн шатанд шийднэ гэсэн үг.
5-рт, Төсөвт өртөг нэмэх асуудлыг хатуу зохицуулна.
6-рт, Гүйцэтгэгчийн хариуцлагыг өндөржүүлж, өрсөлдөөний чанарыг сайжруулна.
7-рт, Төслийг ашиглалтад оруулснаар дууссан гэж үзэхгүй. Ашиглалтын үр өгөөжийг үнэлдэг тогтолцоонд шилжүүлнэ.
8-рт, Төсвийн хөрөнгө оруулалтын бүх үйл явцыг цахимжуулж, Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээллийн систем бий болгоно.
9-рт, Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засах хөрөнгийг тусгайлан зохицуулна.
10-рт,Төсвийн хөрөнгө оруулалтын зардал нэг бүрийн үр ашгийг нэмэгдүүлнэ.
11-рт, Хариуцлагыг сайжруулна. Хариуцлагыг өндөржүүлэн, зураг төсөл, ТЭЗҮ боловсруулсан этгээд, гүйцэтгэсэн гүйцэтгэгч, баталгаажуулсан захиалагч, төсвийн ерөнхийлөн захирагч шийдвэрийнхээ үнэн зөв байдал, үр дагаврыг хариуцна. Хууль зөрчсөний улмаас төсөвт хохирол учирсан бол гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
Энэ төсөл батлагдаж хууль болбол төсвийн хөрөнгө оруулалтын нэгдсэн удирдлага, хууль, эрх зүйн зүйн нэгдмэл орчин бүрдэж, хэрэгцээ, шаардлагын дагуу төслөө төлөвлөдөг, төлөвлөсний дагуу хэрэгжүүлж, ашиглалтад оруулдаг болно. Төслийн ангилал, төрөл, зохицуулалт тодорхой болж, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэн. Үнэлгээ сайжирч, олон улсын жишигт нийцнэ гэж санаачлагчид нь үзжээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх энэ хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
