Монгол Улсад өнөөдрийн байдлаар 89 шүүхэд 542 шүүгч ажиллаж байна. Анхан шатны 61 шүүхэд 392, давж заалдах шатны 27 шүүхэд 127, Улсын дээд шүүхэд 23 шүүгч ажилладаг.
Сүүлийн 20 жилд бүх шатны шүүх нийт 1.9 сая орчим хэрэг хүлээн авч, 1.38 сая гаруй хэрэг шийдвэрлэжээ. Үүнээс худалдан авах ажиллагаатай холбоотой 1841 хэрэг шүүх шийдвэрлэсэн аж. Энэ нь нийт хэргийн 0.1 хувь. Хэргийг төрлөөр нь авч үзвэл эрүүгийн 253.170 хэргийн 87 нь, иргэний 1.07 сая орчим хэргийн 100 нь, захиргааны 49.662 хэргийн 1654 нь худалдан авах ажиллагаатай холбоотой байв.
Ийм маргааны 90-ээд хувийг захиргааны хэргийн шүүх шийддэг. 2016 оноос хойш захиргааны хэргийн тоо эрчимтэй өсөж, тендертэй холбоотой шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэл давамгайлж байгаа тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулсан “Төрийн худалдан авах ажиллагаа (2006-2026 он)” сэдэвт хэлэлцүүлэг танилцуулав.
Нийт хэргийн 60 орчим хувийг Улаанбаатар, 40 хувийг орон нутгийн шүүх хүлээн авч, шийдвэрлэсэн байна. Орон нутгаас Орхон аймаг хамгийн олон буюу 124 хэрэг шийдвэрлэжээ. Төр, орон нутгийн өмчит том аж ахуйн нэгжүүд тус аймагт байдагтай холбоотой аж.
Худалдан авах ажиллагаатай холбоотой 1260 хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэжээ. Үүний 38 хувь нь давж заалдах шатанд, 114 хэрэг хяналтын шатанд шилжсэн байна. Шүүхэд гаргасан нийт нэхэмжлэлийн үнийн дүн 88.6 тэрбум төгрөг байжээ. Үүнээс 46.6 тэрбум төгрөгийн шаардлагыг шүүх хангасан байв.
Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэнх нь тендерээс татгалзсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, тендерийг дахин үнэлүүлэх, дахин зарлуулах, худалдан авах ажиллагааны гэрээг хууль бус болохыг тогтоох тухай байжээ. Эрүүгийн хэргийн шүүхэд гаргасан хамгийн түгээмэл зөрчил нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, хахууль авах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэрэг гэмт хэрэгтэй холбоотой байв. Ийм хэрэг нийт хэргийн 70 орчим хувийг эзэлжээ.
Худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэг шүүхэд ирдэг заргын цөөн хувийг эзэлж байна. Гэвч захиргааны хэргийн шүүхэд ирдэг маргааны дийлэнхийг ийм хэрэг эзэлж байна.
