Дэвид Бекхэм 41 сая ам.долларын нэхэмжлэл гаргажээ


Английн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэмийн нэрийн сүрчиг хямдралтай дэлгүүр болон шатахуун түгээх станцын барааны хэсэгт худалдаалагдсан гэх маргаан үүсэж, түүний бизнесийн компани гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Coty-оос 41 сая ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилжээ.

Бекхэмийн бизнесийн эрх ашгийг удирддаг DB Ventures компани АНУ-ын Нью-Йоркийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Coty компани түүний нэрийн сүрчгийг гэрээнд заасан борлуулалтын сувгаас гадуур түгээж, брэндийн үнэ цэнэд хохирол учруулсан гэж буруутгасан байна. Тухайлбал, бүтээгдэхүүнүүд Их Британийн Poundland хэмээх хямдралтай худалдааны сүлжээ болон шатахуун түгээх станцын хямд барааны хэсэгт зарагдсан гэж үзжээ.

Бекхэмийн талын үзэж буйгаар, түүний нэрийн бүтээгдэхүүнүүд тансаг хэрэглээ, чанартай байдлыг илэрхийлдэг тул хямдралтай худалдааны газруудаар борлуулах нь олон жилийн турш бүрдүүлсэн брэндийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн аж. Мөн бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан гэх асуудлыг нэхэмжлэлдээ дурдсан байна.

Харин Coty компани буруутгалыг няцааж, сүрчгүүдийг Poundland дэлгүүрт нийлүүлсэн гэх мэдээлэлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Тус компани шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан бөгөөд маргаан одоогоор шийдвэрлэгдээгүй байна.

Дэвид Бекхэм хөлбөмбөгийн талбайгаас зодог тайлсныхаа дараа загвар, сурталчилгаа, бизнесийн салбарт амжилттай ажиллаж, дэлхийд танигдсан брэнд бүтээсэн билээ. Тэрбээр мөн АНУ-ын Интер Майами хөлбөмбөгийн клубын хамтран эзэмшигч юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *