МИАТ компанийг IATA-ийн Удирдах зөвлөлөөс хасчээ


МИАТ ТӨХК 2024 онд Олон улсын агаарын тээврийн холбоо буюу IATA-ийн  Удирдах зөвлөлд сонгогдож байсан нь Монгол Улсын хувьд анхны тохиолдол болж байв. Тэгвэл Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах гурван жилийн хугацаа нь дуусаагүй байхад МИАТ ТӨХК-ийг хасчээ. Тодруулбал, 2026 оны зургадугаар сард Бразилын Рио-де-Жанейро хотод болсон IATA-ийн 82-р дугаар Ерөнхий чуулганаар Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлахад МИАТ компанийн бүрэн эрх дуусгавар болжээ.  МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн 2026 оны гуравдугаар сард тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон талаар мэдээллүүд хэвлэлээр гарч байсан ч зургадугаар сард болсон тус холбооны хурлаар МИАТ-ыг хассан байна.

IATA-ийн албан ёсны вэбсайт дээрх Удирдах зөвлөлийн гишүүдийн мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Зургийн тайлбар: Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн

Зургийн тайлбар: Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн

IATA буюу олон улсын агаарын тээврийн холбоо нь 1945 онд байгуулагдсан. дэлхийн агаарын тээврийн урсгалын 85 хувь буюу 120 орны 380 гаруй агаарын тээврийн компанийг нэгтгэсэн хамгийн том холбоо юм.

Эдгээр орноос дэлхийн томоохон агаарын тээврийн компаниудын төлөөлөл болох 30 агаарын тээвэрлэгчийн удирдлагууд тус холбооны Төлөөлөн Удирдах зөвлөл /ТУЗ/-ийг бүрдүүлдэг бөгөөд тэд дэлхийн агаарын тээврийн салбарын бодлогыг тодорхойлдог байна.

Тухайлбал, аюулгүй ажиллагааны стандартыг мөрдөх, шинэ технологи, мэдээллийн системийг нэвтрүүлэх, үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах зэрэг өргөн цар хүрээтэй шийдвэрүүдийг удирдах зөвлөлөөс гаргадаг.  ИАТА-ийн удирдах зөвлөлийн гишүүд хамгийн багадаа 3 жилийн хугацаанд ажилладаг бөгөөд бидний сайн мэдэх Lufthansa group, United Airlines, Cathay Pacific, Korean Air, Qatar Airways, ANA, KLM, Air Canada, Turkish airline, American Airlines group, FEDEX гэх мэт хамаг л томчууд удирдах зөвлөлийг бүрдүүлдэг байна.

МИАТ ТӨХК-ийн хувьд тус холбооны Удирдах зөвлөлд орсноор агаарын тээврийн зорчигч урсгал багатай манайх шиг жижиг улсын хувьд салбарын бодлогод өөрсдийн дуу хоолойг хүргэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, олон талын дэмжлэг авах, дэлхийн том тоглогчидтой эн тэнцүү байр суурь эзлэх маш том боломж гэж хэлж болно.

ИАТА 2024 оны зургадугаар сард болсон их хурлаараа МИАТ компанийг холбооны Удирдах зөвлөлд сонгож байгаагаа зарлаж байсан бол дэлхий дахинд агаарын тээврийн салбарт чанарын үнэлгээ өгдөг алдарт Skytrax гэх байгууллага 2025 онд тодруулсан “World’s Most improved Airlines” буюу “Хамгийн хурдацтай хөгжиж байгаа 10 агаарын тээвэрлэгч”-ийн нэгд МИАТ компанийг нэрлэжээ. Тэд энэ шалгаруулалтаа агаарын хөлгийн парк шинэчлэл, аюулгүй ажиллагааны чанар стандарт, нислэгийн үеийн үйлчилгээ, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаанд тулгуурлан явуулдаг гэдгээ ч тодотгож байв. Гэтэл IATA 2026 оны зургадугаар сард болсон их хурлаараа МИАТ компанийг Удирдах зөвлөлийн гишүүнээс хассан шийдвэр гаргасан байна. Яагаад сонгуульт жил буюу гурван жилийн хугацаа нь дуусаагүй байхад МИАТ компанийг хассан шалтгаан нь тус компанийн удирдлага солигдсон явдал гэжээ. Үеийн үедээ хэл ам дагуулдаг МИАТ-ийн томилгоо энэ удаа дэлхийн гол тоглогчдын индэрээс бууж, олон боломжийг алдах шалтгаан болсон нь харамсалтай. Хэдийгээр МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн Удирдах зөвлөлөөс хасагдсан ч МИАТ компани тус холбооны гишүүн хэвээр байгаа.

Мөн хэдхэн хоногийн өмнө МИАТ компани Европын холбооны хоригт орсон Конго улс руу 2023 онд худалдан авсан 787-9 Dreamliner онгоцоо түрээсээр явуулжээ. Уг мэдээлэл олон нийтийн сүлжээнд маш олон шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Монголын хамгийн том төдийгүй төрийн өмчит цорын ганц, үндэсний агаарын тээврийн компани ийнхүү үйл ажиллагаа нь доголдож, олны шүүмж дагуулахаас гадна дэлхийн жишигт нийцсэн үзүүлэлтүүд нь улам буурч байгаад компанийн удирдлагууд төдийгүй салбар яам ч анхаарал хандуулах цаг хэдийнэ болжээ.

Ш.ЧИМЭГ

News.mn


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *