Польшоос авсан зээлийн үндсэн төлбөрт 3.7 тэрбум, хүүд 900 сая төгрөг төлөөд байна


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2026.11.19) Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлт соёрхон батлах/-ийг хэлэлцэн, дэмжив.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд 2017.05.09-нд жилийн 0.15 хувийн хүүтэй, 28 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 5 жил чөлөөлөх нэн хөнгөлөлттэй 50 сая еврогийн нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулж, УИХ соёрхон баталжээ. Тус хэлэлцээрийн хүрээнд нийт 5 төсөл хэрэгжүүлэхээс 3-ыг нь бүрэн хэрэгжүүлж дуусжээ. Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх төсөл 84 хувьтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын хатуу хог хаягдлыг боловсруулах, байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Увс, Дорнод аймгийн цэвэрлэх байгууламжийг бүрэн дуусгах хугацааг сунгах шаардлагатай байгаа аж.

Өнөөдрийн байдлаар нэн хөнгөлөлттэй зээлийн 71.5 хувь буюу 35.7 сая еврог ашиглаад байгаа аж. Үлдсэн 14.3 сая еврогийн зээлийг ашиглаагүй байна. Энэ хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих төслийн Польш улсын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг Польшийн талд хүргүүлэх хугацаа 2021.07.24-нд дуусгавар болсон байна. Иймд хэрэгжиж буй 2 төслөөс шалтгаалан, гэрээ байгуулах хүчинтэй хугацааг 2026.12.31 хүртэл сунгах шаардлага үүсжээ.

Мөн санхүүжилт олгож дуусгах хугацааг 3 жилээр сунган, 8 жил болгохыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран хэлэлцээд дэмжжээ. Ерөнхий сайдын 2026.05.15-ны 112 дугаар захирамжийн дагуу Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах хавсралтад хоёр тал гарын үсэг зурсныг Э.Бат-Амгалан сайд танилцуулав.

Польшид үндсэн төлбөрөөс 3.7 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 900 орчим сая төгрөг буюу нийт 4.7 тэрбум төгрөг төлжээ. Зээлийн нөхцөл, санхүүжилтийн дүнд өөрчлөлт ороогүй боловч Дорнод аймгийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг 5000 шоо метрээс 10.000 шоо метр болгон нэмсэнтэй холбоотойгоор тодорхой өөрчлөлт хийх аж.

“2026 оны байдлаар гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлсэн 98 төсөл хэрэгжиж байна. Сүлийн 2 жилд үр ашиг багатай зардлуудыг бууруулснаар 327 тэрбум төгрөг хэмнэсэн. Төслийн нэгжүүдийг нэгтгэн зохион байгуулснаар жилд 11 тэрбум төгрөгийн урсгал зардал хэмнэж эхэлсэн” хэмээн Э.Бат-Амгалан сайд танилцуулав.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *