Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга С.Бямбацогтод 2026.11.17-нд албан бичгээр ирүүлсэн байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг хүсэлтийг өчигдөр хүлээн авч, ёсоор болгосон. Өнөөдөр уг хүсэлтийг чуулган нэгдсэн хуралдаанаараа шийднэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11.4 дэх хэсэгт “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга бүрэн хэрэгжүүлнэ” гэж заажээ. У.Хүрэлсүхийг огцорвол С.Бямбацогт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Үүнтэй холбогдуулан АН дараах асуудлыг 4/11 мэдээллийн цагаараа анхаарууллаа.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгчийн үүргийг УИХ-ын дарга орловол парламентыг Ерөнхийлөгч удирдаж болохгүй. Тиймээс 2 дэд дарга чуулганыг удирдах боломжтой. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэхдээ огт эдэлж болохгүй 3 эрх мэдэл байгаа.
1-рт, УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх хугацаандаа УИХ-ыг тараах ямар ч санаачилга гаргах эрхгүй байх ёстой. Тэгэхгүй бол төрийг самарч эхэлнэ. УИХ-ыг тараах асуудлыг Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцдөг. Одоо 1 хүн энэ эрх мэдлийг хэрэгжүүлэх гэж байна.
2-рт, УИХ-ын дарга баталсан хуульдаа өөрөө хориг тавьж болохгүй. Ингэвэл зөрчил үүснэ.
3-рт, УИХ-ын дарга ҮАБЗ-ийг тэргүүлэх гэж байна. ҮАБЗ-д 3 хүн шийдвэр гаргадаг. 1 хүн одоо 2 хүнийг орлох гэж байна. Асуудал үнэхээр ноцтой асуудал үүсээгүй бол 1 хүний 2 шийдвэрийн эрхтэйгээр ҮАБЗ хуралдаж болохгүй.
Ийм байдлаар УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг журамлах ёстой. АН нөхцөл байдлыг тулсан үед нь гал унтраах байдлаар биш, урьдчилан харж ажилладаг. Жилийн өмнө энэ нөхцөл байдлыг бид харсан.
УИХ-ын дарга Ерөнхийлөгчийг орлодог учраас намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх ёстой гэдэг шаардлага бид тавьсан. Өнөөдрийн УИХ-ын дарга АН-ын бүлгийн хурал дээр орж ирээд “Тийм ээ. Энэ зөв байна. Би намаасаа түдгэлзэж болно” гэж ам алдаж байсан. Одоо болтол тэр хуулийн төсөл урагшаа алхаагүй байна.
Тухайн бүрт нь хуульд шаардлагатай өөрчлөлт хийгээд яваад байвал тогтолцооны гажиг авлигын пирамид болох хүртлээ галзуурахгүй байсан гэдгийг дахин хэлье. Цаг үе бүртээ асуудлыг харж, сэрэмжлүүлсэн. Тэр бүрт тогтолцоогоо шинэчлэн сайжруулсан бол бид өнөөдөр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрх баригч нам нь авлигын пирамид угсраад, ард түмэн нь төрд итгэхгүй болох энэ байдал руу орохгүй байх байсан.
