АН өнөөдөр 4/11 мэдээллийн цагаараа сэтгүүлчдэд авлигын асуудлаар мэдээлэл өгч байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-2025.09.17-нд УИХ-ын цахим хуудсанд Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл тавиад жил болж байна. Өргөн барихаар УИХ-ын даргаас тов хүлээж байна. УИХ энэ хуулийг хэлэлцэж, батлах ёстой.
2019 оны Үндсэн хуулийн үзэлд нийцүүлж, Үндсэн хуулиар олгоогүй, Ерөнхийлөгчийн эдэлж байгаа бүрэн эрхүүдийг хязгаарлахаар бичсэн. Түүн дотор маш чухал 3 зохицуулалт бий.
1-рт, Ерөнхийлөгчийн алба хашиж байсан хүн 1 бүрэн эрхийн хугацаа буюу 6 жилийн дотор намын гишүүнчлэлээ сэргээхгүй. Яагаад гэхээр Ерөнхийлөгчтэй намын зовлон гэж байдаг. Ерөнхийлөгч болсон хүн болгон эргэж намаа самардаг. Энэ суудлаас буугаад, хаана буцаж улс төр хийхээ хардаг учраас намаа буцаж авах гэж оролддог. Намын дарга болох гэж зүтгэдэг. Энэ үзэгдэл АН-д ч, МАН-д байсан. Энэ зорилгынхоо хүрээнд хонгил үүсгэж эхэлдэг. Хууль, шүүхээр өрсөлдөгчөө намнаж эхэлдэг. Замаасаа зайлуулах гэж оролдож эхэлдэг.
Энэ үзэгдлийг зогсоох ганцхан арга бол Ерөнхийлөгчийн инститүцийг тэхийн зогсоол болгох ёстой. Тэх хөгшрөөд, эврээ даахгүй болохоороо уруудаж чадахгүй болохоороо зөвхөн өөдөө өгсдөг. Өөдөө өгссөөр байгаад хамгийн өндөр зогсоол дээр гарч, доошоо унаж төгсдөг.
Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн хамгийн өндөр албан тушаал. Үүнээс доошоо албан тушаалд Ерөнхийлөгч байсан хүн дахин очиж болохгүй. Эрх мэдэлтэй байхаараа дарангуйлагч, эрх мэдлээс буухаараа хулгайч болдог жишгийг 4 Ерөнхийлөгч харууллаа. Энийг засахын тулд “6 жилд намын гишүүнчлэлээ сэргээхгүй” гэдэг хязгаарлалт тавьж өгч байгаа.
2-рт, Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг тангарагтаа насан туршдаа үнэнч байх ёстой. Няцаж болохгүй. Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусныхаа дараа “Би намын дарга болно. УИХ-ын гишүүн болно. Ийм албан тушаалд очмоор байна” гэж ард түмнийг хагалан бутаргаж, талцуулдаг байж болохгүй. Тиймээс дотоодын сонгуульд нэр дэвшиж, Ерөнхийлөгчийн нэр төрд халддаг явдлыг хуулиар хязгаарлах ёстой. Төрийн алба руу зүтгэдэг амбийц, шуналаа хязгаарлуулах ёстой.
3-рт, Төрийн алба руу зүглэж, албан тушаал горилж, төрийг сүйтгэдэг байдлыг бас хязгаарлах ёстой. Ерөнхийлөгчийн албан тушаалаас буугаад,
Энэ хуулийн төслийг УИХ баталж байж, Ерөнхийлөгч гэдэг албан тушаал мангас биш, ард түмний эв нэгдлийг хангагч, төрийн тэргүүн хэвээрээ үлдэнэ. Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан хүмүүс насан туршдаа Ерөнхийлөгчийн нэр төрд өөрөө халдахгүйгээр, “Би тэд дэх Ерөнхийлөгч” гэдэг хүндэтгэлтэйгээр амьдардаг түүх бүтээнэ.
Ерөнхийлөгч байсан хүмүүс УИХ-ын гишүүн байж болохгүй. Ерөнхийлөгч байсан хүмүүс төрийн өмчит компанийн захирал байж болохгүй. Ерөнхийлөгч байсан хүмүүс намын дарга болоод, нийгмийг хувааж, талцуулж, хэрэлдүүлдэг байж болохгүй.
