Прокурорын байгууллага энэ оны 1-11 дүгээр сард Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 318 хүнд холбогдох 227 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Сүүлийн 14 хоногт буюу 11 дүгээр сарын 2-13-ны хооронд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт 9 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ.
Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргүүд:
- Г.Г 2024 оны 5 дугаар сард мөс, өвс хууль бусаар олж аван, хадгалж байгаад цагдаад баригджээ. Уг хэргийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэв. Шүүх түүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашигласан гэм буруутайд тооцож, 3 жил хорих ял оногдууллаа.
- Ц.Ө 2026 оны 6 дугаар сарын сүүлчээр 0.4 грамм “шавар” хууль бусаар олж аван, биедээ авч яваад, 2026.07.02-нд Хар тамхитай тэмцэх албанд баригджээ. Нийслэлийн Прокурорын газар уг хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх түүний зорчих эрхийг 1 жил 9 сар хязгаарлав.
- И.А 2026.05.07-нд “дроп” гэх хэрэглээний нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авчээ. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т заасан энэ хэрэгт шүүх 1 жил хорих ял оногдуулжээ.
- Ө.Ө 2026.06.24-нд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан шингэн хууль бусаар олж авч, биедээ хадгалж яваад баригдсан байна. Шүүх түүний 2 жил 6 сар зорчих эрхийг нь хязгаарлав.
- А.Ш 2026.06.24-нд “спийд альфа” гэх хэрэглээний нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авчээ. Шүүх түүнд 1 жил хорих ял оногдуулав.
- С.Б 2025.09.11-нд “дроп”, ADB-Butanica гэх хэрэглээний нэршилтэй, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж аван, хадгалж яваад баригдсан байна. Прокурор түүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Шүүх С.Б-г 3 жил 6 сар хорих ялаар шийтгэв.
- Б.Б 2026.04.01-нд метамфетамин агуулсан бодисыг хууль бусаар олж авч, Эрүүгийн хуулийн 20.7.1-т заасан хэрэг хийжээ. Шүүх түүнд 1 жил 3 сар хорих ял оноолоо.
- Л.Т 2026.07.01-нд 0.0982 грамм цэвэр жинтэй, “спийд” гэх хэрэглээний нэршилтэй бодисыг өөрөө ашиглах зорилгоор хууль бусаар олж авчээ. Шүүх уг хэрэгт 2 жил тэнсэх, үүрэг хүлээлгэх ял оноожээ.
- Х.М 2025.10.16-2025.11.11 хүртэл “дроп” гэх нэршилтэй бодисыг худалдах зорилгоор олж авч, Э.Ө-д заржээ. Түүнийг шалгахад “өвс”, “дроп” илэрсэн байна. Түүнд Эрүүгийн хуулийн 20.7.2 дахь хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх Х.М-д 2 жил хорих ял, Э.Ө-д 1 жил жил хорих ял оноолоо.
