“Ногоон автобусны” 5 хэрэгтэнд торгох ял оноолоо


“Ногоон автобусны” гэж нэрлэсэн хэрэгт холбогдсон “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Ч.Мөнхбаяр, Л.Жонсоб, К.Киэбаум нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр (2026.11.23) нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн, шийдвэрлэлээ. Анх энэ хэрэгт 24 хүн холбогдсон ч одоо 5 хүний хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцсэн юм. Бусад 19 хүний хэргийг шүүх өмнө нь хэлэлцэн шийдвэрлэсэн.

Прокурор Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэх зорилгоор 2023 онд улсын төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаа зохион байгуулж, “Тэнүүн-Огоо” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон, автобус нийлүүлэх гэрээ байгуулжээ. Гэвч тус компани гэрээнд заасан Евро-5 стандартын шаардлага хангасан автобус нийлүүлэх үүргээ биелүүлэхдээ Евро-2 стандартын хуучин загварын хөдөлгүүртэй автобусыг Евро-5 стандартын шаардлага хангасан мэтээр хуурамч тэмдэглэгээ хийж, холбогдох техникийн шаардлагыг хангаагүй автобус нийлүүлсэн.

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Ч.Мөнхбаяр, БНСУ-ын иргэн Л.Жонсоб, К.Киэбаум нар уг үйл ажиллагаанд оролцож, автобусны бодит техникийн үзүүлэлтийг нуун дарагдуулан, худал мэдээлэл ашиглаж, улсын төсвөөс санхүүжилт авсан юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгасан. Харин Ч.Мөнхбаярыг автобус хүлээн авах ажиллагаанд оролцохдоо албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр:

Ч.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилээр хасаж, 1 жил зорчих эрхийг нь хязгаарлав.

А.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгов. 1 хоногийг 15 нэгжээр тооцон, түүнийг цагдан хорьсон 1 хоногийг торгох ялаас нь хасаж, нийт торгуулын хэмжээг 39.985.000 төгрөгөөр тогтоолоо. Түүнд өмнөх шүүхээс оноосон хорих ял, энэ удаагийн шүүхээр оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

2025.04.09-нд энэ хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягийн нийтийн албанд ажиллах эрхийг 3 жил хасаж, нийт 6 жил хорих ял оноосон юм. Энэ ял дээр өнөөдөр нэмэн, торгох ял оноолоо.  

БНСУ-ын иргэн Л.Жонсобыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож, 30 сая төгрөгөөр торгов. Түүнийг 13 хоног цагдан хорьжээ. 1 хоногийг 15 нэгжээр тооцон, оноосон ялаас хасаж, ялын хэмжээг 29.805.000 төгрөг болголоо.

БНСУ-ын иргэн К.Киэбаумыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож, 35 сая төгрөгөөр торгов. Түүнийг 14 хоног цагдан хорьжээ. 1 хоногийн 15 нэгжээр тооцон, оноосон ялаас хасаж, торгуулын хэмжээг 34.790.000 төгрөг болголоо.

Ж.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, 20 сая төгрөгөөр торгов.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *