УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Монгол Улсын төсвийн задаргааг ил болгох тухай хуулийн төсөл санаачлаад, парламентаар хэлэлцүүлсэн ч гишүүд дэмжээгүй. Энэ асуудлаар Н.Амаржин нийтийн өргөдөл санаачилж, 100 мянган иргэний гарын үсэг цуглуулж эхэллээ.
Тэр энэ тухайгаа “Сүүлийн 10 жилийн хугацаанд улсын төсвийн зардал болон урсгал зарлага даруй 4-4.5 дахин тэлсэн байна. Улсын төсвийн нийт зарлагын дунджаар 75-82%-ийг дандаа урсгал зардал бүрдүүлж байна. Энэ нь төсөв хөгжлийн хөрөнгө оруулалт болохоос илүүтэй хэрэглээг санхүүжүүлж буйг илтгэж байна.
Гэтэл төсвийн төслүүдийн задаргааг олон нийтэд ил болгохгүй байснаар төсвийн хулгай гарах нөхцөл бүрдүүлж, ЖДҮ, Хөгжлийн банк, ТӨК-уудын тендер, улаан, ногоон автобус, төрийн тусгай сангуудын гэх мэт маш олон хулгай гарч, татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа улам бүр хумигдаж байна. Иймд улсын төсвийн төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээ, хөтөлбөрүүд, мөн урсгал зардлуудын төлөвлөгөөг дэлгэрэнгүй задгай файл хэлбэрээр олон нийтэд ил тод болгохоор Төсвийн тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн өөрчлөлтийг санаачилж байна” гэж тайлбарлажээ.
Энэ өргөдөлд 2026.12.23-ны 13:16 цаг хүртэл санал авна. Үүнийг дэмжихийг хүсвэл дараах холбоосоор саналаа өгөөрэй
